Нийгмийн хамгааллын салбарт БНТУ-тай хамтарна

2016 оны 2 сарын 22

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй тус яамны төлөөлөгчид хоёрдугаар сарын 20-26-ны  өдрүүдэд Турк Улсад ажлын айлчлал хийж байна. Сайд С.Эрдэнэ айлчлалын үер БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Сулейман Соёлу-тай уулзана. Сайд С.Эрдэнэ болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар өмнө нь 2016 оны нэгдүгээр сарын 8-ний өдөр Төрийн ордонд энэхүү айлчлалын талаар санал солилцсон юм.

Энэхүү айлчлалын үеэр нийгмийн хамгааллын салбарт Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлах, хоёр улс хооронд мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох ба “БНТУ, Монгол Улсын хооронд Нийгмийн Хамгааллын хэлэлцээр”-ийг байгуулах асуудлыг шийдвэрлэх юм байна.

БНТУ-д 3000 орчим монгол иргэд сурч ажиллаж амьдарч байна. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагаа 2005 онд эхэлсэн бөгөөд БНТУ-д ажиллах хүсэлт гаргасан Монголын 102 иргэнд бүгдэд нь ажлын виз олгосон байдаг аж.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна