"Байерн Мюнхен" хүснэгтийн тэргүүнд бичигдсэн хэвээр

2016 оны 2 сарын 22

Германы Бундеслигийн 22 дугаар тойргийн тоглолтонд Гуардиолагаар удирдуулсан “Байерн Мюнхен” клуб өнгөрсөн бямба гаригт “Дармштадт” клубыг талбай дээрээ буулган авлаа. Тус тоглолт “Аллианз Арена” цэнгэлдэхэд 75 000 үзэгчтэй эхэлсэн. Тоглолтын эхний гоолыг 26 дахь минутад зочин багийн тоглогч С.Вагнер оруулсан. Харин тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Т.Мюллер тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлж,  багтаа эргэлт авчирсан юм. Улмаар 71 дэх минутад Т.Мюллер ахин тооны харьцааг холдуулж, 2:1 болгон  “Дармштадт”-ын хаалгыг  “мялаажээ”. Тоглолтын 84 дэх минутад хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн хагас хамгаалагч Ф.Рибери нь Р.Левандовскийд гоолын дамжуулалт өгснөөр хожлоо баталгаажууллаа.

Энэ тоглолтод гоолдоод амжсан Польш залуу “Бундеслиг”-ийн мэргэн буучийн жагсаалтыг 22 гоолтой тэргүүлж байна. Түүний араас “Боруссиа Дортмунд”-ын Пьер-Эмерик Обамеянг 21 гоолтой удаалж байгаа юм. “Байерн Мюнхен” клуб энэ тоглолтод ялалт байгуулснаар хүснэгтийг 59 оноотой итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна.

Сонирхуулахад, маргааш буюу лхагва гаригийн 03:45 цагаас “Байерн Мюнхен” клуб Италийн “Ювентус” клубын талбай дээр Аваргуудын лигийн 1/16 тоглолтоо хийнэ.

Я.ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна