Боулингийн ахмадын нээлттэй тэмцээн боллоо

2016 оны 2 сарын 22

Монголын боулинг сонирхогчдын холбооноос ахмадын нээлттэй тэмцээнийг өнгөрсөн ням гаригт “Big bowling” төвд зохион байгууллаа. Бичин жилийн анхны тэмцээнд оролцогчид дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 40-45 насны ангилалд Д.Чулуунбаатар тэргүүн байрт шалгарсан бол Д.Зоригт, Б.Пүрэвдорж нар удаалав. Энэ төрлийн 46-гаас дээш насны ангилалд С.Батзориг тэргүүлж, дэд байрт М.Түвшинсанаа, гуравдугаар байрт Ю.Ганболд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 35-аас дээш насныхан өрсөлдөхөд Ш.Гэрлээ шилдгээр тодорч, С.Хандаа, Т.Долгормаа нар удаах байруудад шалгарсан. Харин хосын төрөлд С.Батзориг, Ш.Гэрлээ нар аваргалж, хос алтан медалиар энгэрээ мялаалаа. Дэд байрт Б.Пүрэвдорж, Н.Тамир нар шалгарч, Н.Цэрэндамбаа, Т.Долгормаа удаалсан юм. Тэмцээний турш 232 буюу хамгийн өндөр оноо авч, СЭЗДС-ийн тамирчин, сагсан бөмбөгийн ОУХМ Б.Пүрэвдорж шилдэг тамирчнаар шалгарав. Хоёр сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний шилдэг тамирчин тус бүрийг мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор урамшууллаа.

Х.ХАРЦАГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна