Хойд Солонгост мөнгө яаж очдог вэ?

2016 оны 2 сарын 22

 

Хойд Солонгос өнгөрсөн олон арван жилийн турш гуравдагч этгээдийн тусламжтайгаар мөнгө орж гарах суваг сүлжээг бий болгож, цөмийн хөтөлбөрийн эсрэг хоригоос булзаж ирэв. Хөрөнгө оруулагчид, прокурорын шүүхийн баримт бичгээс сүлжээний тулгын чулуу нь Хятад улс болохыг хэлж байна.

 

Хятад нь Хойд Солонгосын хүнс, зэвсэг, эрчим хүч зэргийг нийлүүлдэг худалдааны хамгийн том хамтрагч орон юм. Тэдний нөхөрлөл Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайнаас эхтэй. Мөн Хятад нь Хойд Солонгостой 1400 орчим км газраар хоорондоо хиллэдэг. Пхеньяны гадаад орлогын 70-80 орчим  хувь нь Хятадаар дамждаг байна. Хойд Солонгос гадаадын дансанд байх мөнгөө царцахаас сэргийлэн олон банк, олон хүний нэрийг ашиглан шилжүүлэг хийдэг аж.

 

Тухайлбал, Сингапурт бүртгэлтэй “Chinpo” далайн тээврийн компанийг 82 настай Тан Чен Хое гэгч байгуулсан байх бөгөөд Хойд Солонгос руу олон жилийн турш мөнгө шилжүүлж байсныг шүүхийн баримт бичигт дурджээ. “Chinpo” компанийн үйл ажиллагаа Хойд Солонгосын ачаа тээврийн хөлгийг мөрдөн шалгах үеэр ил болсон байна.

 

Хойд Солонгосын ачаа тээврийн “Chong Chon Gang” хөлөг 200 мянган уут элсэн чихрийн дор Миг-27 сөнөөгчийг нуусан байсныг 2013 оны долдугаар сард Панамын сувгийг дамжин өнгөрөх үед нь илрүүлэн саатуулсан юм. Уг хөлгийн Панамын сувгаар дамжин өнгөрөх төлбөрийг “Chinpo” компаниас “C. B. Fenton & Co” шилжүүлсэн болох нь мөрдлөгийн явцад тодорхой болсон аж. Улмаар “Chinpo” компани  Хойд Солонгосын зэвсэг худалдан авах санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг болох нь илэрхий болсон байна. Хойд Солонгосын ачаа тээврийн хөлгийг ашигласан үйлчлүүлэгчийн төлбөр “Chinpo” компаниар дамжин Пхеньянд хүрдэг нь байв. НҮБ-ын хоригийг зөрчсөн учраас “Chinpo” компанийг өнгөрсөн нэгдүгээр сард 180 мянган ам.доллараар торгожээ. 2009-2013 оны хооронд Хойд Солонгос “Chinpo” компаниар дамжуулан 40 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна. Гэтэл “Chinpo” компанийн цорын ганц зээлдүүлэгч нь Хятадын “Bank of China” болохыг шүүхийн баримтад дурджээ.

 

Түүнчлэн Австрийн тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч Жозеф Шварц Пхеньяны өмнөөс “Dalian” компанитай хоёр дарвуулт онгоц худалдан авах гэрээ байгуулснаас болж мөнгө угаах хэрэгт мөрдөн шалгагдаж байжээ. Хятадын компани 2012 онд найман ширхэг “Mercedes” автомашиныг Шварцын фирм Хойд Солонгосын нэрийн өмнөөс худалдаж авсан хэмээн мэдэгдэж байв.

 

Хойд Солонгос нь мөн ОХУ-тай харилцаагаа өргөжүүлэхийг хичээдэг. ОХУ Пхеньяний 11 тэрбум ам.долларын өрийн 90 хувийг цайруулсан юм. Оросоос Пхеньян руу мөнгөн шилжүүлгийг 2015 онд лицензийг нь цуцлах хүртэл Бүс нутгийн хөгжлийн банкаар дамжин хийгдэж байжээ. Тус банк Оросын Башкортостанаас Москвад төвөө нүүлгэн ирснээр 2014 оны аравдугаар сараас хойш Пхеньян руу рублийн шилжүүлэг хийж байсан нь илэрсэн аж.

 

Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсний дараа АНУ Пхеньяны эсрэг шинэ хориг тавьсан юм. Энэ нь Хойд Солонгостой хориглосон шилжүүлэг хийсэн эсвэл холбогдсон хувь хүн, засгийн газар, санхүүгийн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авахаар заасан аж.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна