Ц.Цолмон сайд багш нарын их чуулганд оролцож үг хэллээ

2016 оны 2 сарын 22

 

Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ой, "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд БХИС-ийн багш нар өнөөдөр "Багшийн их чуулган"-аа хийлээ. Их чуулганд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож эрдэмтэн, судлаач багш нарт амжилт хүссэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын "Дээд боловсролын шинэчлэл" хөтөлбөрийн хүрээнд БХИС-ийн сургалтын орчин, материаллаг баазыг хөгжүүлэх ажлыг дэс дараалан шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай онцолсон юм. Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар уригдан оролцсон юм. Эрдэмтэн багш нар “Их сургуулийн засаглалд багш нарын оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, сургалт, судалгааны орчныг сайжруулах” сэдвээр чуулганаа зохион байгуулагдсан байна. БХИС-ийн удирдах болон багшлах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтнууд 2013 онд болсон анхны чуулганаас хойшхи хугацаанд хийсэн ажлынхаа ололт, амжилтыг нэгтгэн дүгнээд дунд хугацааны зорилго, зорилтоо тодорхойлсон байна.