“Шилэн” Цогоо сор залж, аудитынхныг айлгав

2016 оны 2 сарын 22

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл өнөөдөр Аудитын ерөнхий газрын гадна талд сор залж, олныг шуугиулав. Тэрбээр төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудыг дансаа шилэн болгож, санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод зарлахгүй байна гэж үзэн нийслэлийн Аудитын газарт нэр бүхий 50 гаруй газрыг шалгах хүсэлтийг өгсөн байна. Хүсэлт өгснөөс хойш 130 хоног хүлээж тэвчээр алдарсан тул сор залахаас аргагүйд хүрсэн гэж тэрбээр тайлбарлаж байна. Шилэн Цогоо хүүхэлдэйн дээр Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадын нэрийг бичиж, уг хүүхэлдэйг шатаажээ. Түүнтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Шилэн Цогоо гал Цогоо боллоо гэх юм. Яагаад ингэх болов?

-130 хоног  хүлээнэ гэдэг хэн бүхний тэвчээр шалгасан хугацаа. Үнэндээ аудитынхан шуурхай ажиллаагүй. Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Дарханы  төмөрлөгийн үйлдвэр, Монголросцветмет нэгтгэл гээд төрийн өмчит компаниуд, төрөөс санхүүждэг төсөвт байгууллагуудын санхүү, данс тооцоо олон нийтэд ил тод байх учиртай. Үүнийг шаардуулахгүй хийх учиртай. Шаардаад ч хийхгүй, шалгах газар нь ч шалгахгүй байгаа болохоор сор залахаас өөр арга байсангүй. Нийтдээ 50 гаруй газрын санхүүд аудит хийхийг хүссэн. 130 хоногт ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс Монгол төрийг цэвэр ариун болгох, хүнд суртлыг устгаж үгүй болгох зорилготойгоор сор заллаа.

-Яагаад заавал өнөөдөр сор залах болов. Шинийн 15-нд хамааралтай юү?

-Энэ өдрийг зориуд сонгосон. Өнөөдөр хийсэн үйл  смая живаа үрждэг. Тиймээс миний зөв зүйтэй шаардлага сая живаа болж, төрийнхөн шилэн дансанд шилжих үйл түргэтгэхийг билгэдсэн.

-Хамт очсон хүмүүс нь шатаж түлэгдэхээ шахсан гэх юм. Үнэхээр тийм аюулаас болгоомжилсонгүй юү?

-Тийм зүйл болоогүй. Манай нэг залуугийн өмдөн дээр бензин дуссанаас гал дүрсгээд л унтарсан. Шатах түлэгдэх юм юү ч болоогүй.

-Сор залахыг хуулиар хориглосон зүйл бий юү, холбогдох газраас зөвшөөрөл авах ч юм уу?

-Хуулиар хориглосон үйл биш ээ. Сор залах зөвшөөрлийг хаанаас хэнээс авах билээ. Гандангаас уу, эсвэл Гал командаас уу. Ямар ч хууль бус үйлдэл биш. Харин хуулийг үл тоож дансаа шилэн болгохгүй байгаа хүмүүс л айж эмээх ёстой байх.

-Аудитынхан энэ бүхний эцэст  ямар хариу өгөв?

-Шалгалтын дүнгээ долоо хоногийн дараа өгье гэж байна. ыШахуулж шаардуулахгүй өгчихсөн бол ийм зүйл тохиолдохгүй байсан гэлээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна