Органик бүтээгдэхүүнээрээ дэлхийд гайхуулна

2016 оны 2 сарын 22

Монгол Улсад Шинжлэх ухааны парк байгуулах асуудал яригдаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр энэ ажлын эхлэл тавигдаж, Монгол-Хятадын молекул биологийн лабораторийг нээлээ. Энэ лабораторийг БНХАУ-ын Засгийн газрын нэг сая ам.долларын тусламж, мөн Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр байгуулжээ. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Шинжлэх ухааны гадаад харилцааг өргөжүүлэхээр зэхэж байгаа энэ үед хоёр орны эрдэмтдийн оюуны хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарлаа” гэдгийг тодотгож байлаа.

БНХАУ-ын хувьд шинжлэх ухааны орон болохоо дэлхий нийтэд зарласан. Тэр хэрээр БНХАУ-д шинжлэх ухааны олон лабораториуд бий. Чухам эдгээр лабораториудаас туршлага судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын эхлэл амжилттай тавигдаж буй нь энэ хэмээн салбарын эрдэмтэд тодотголоо.

Шинжлэх ухааны парк байгуулах ажлын эхлэл болгож БНХАУ-ын судлаачид Монголд судалгаа шинжилгээ хийжээ. Ингээд Монгол Улс органик бүтээгдэхүүн буюу бэлчээрийн хөдөө аж ахуйн судалгаа шинжилгээний ажлаар дэлхийн зах зээлд гарч ирэх боломжтой хэмээн үзсэн байна. Ингэхийн тулд эрдэмтэд судалгаа шинжилгээ, санаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тулгарна. Тэгвэл өнөөдөр нээгдсэн молекул биологийн лабораторид эрдэмтдийн шинэ технологи, санаа оноог үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж өгчээ.

Ямартай ч эхний ээлжид лабораторид дараах судалгаануудыг хийхээр төлөвлөжээ.

  1. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, цагаан идээний төрөл бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа

  2. Хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох

  3. Монгол малын сүүний шинж чанар тодорхойлох

  4. Мал амьтдын генетикийн судалгаа гэх мэтчилэн хөдөө аж ахуй, ургамлын гаралтай судалгаа шинжилгээг хийхээр болжээ. Одоогоор Шинжлэх ухааны академийн болон их, дээд сургуулийн эрдэмтэд хамтран томоохон судалгааны ажлыг тус лабораторит эхлүүлсэн байна.

Үүнээс гадна энэ лаборатори нь шинжлэх ухааны салбарын ямар ч эрдэмтэн, судлаач, мөн их, дээд сургуулийн оюутнуудын өмнө нээлттэй ажиллахаараа давуу юм байна. Тиймээс энэ салбарын оюутнууд судалгаа, шинжилгээний ажлаа зөвхөн сургуулийн жижигхэн лаборатори бус энд бодитоор хийх боломжтой гэлээ.

Энэ нэгдсэн лабораторид геномын судалгаа, уургийн судалгаа, пробиотикийн судалгаа, Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний тэжээллэгийн найрлагын хэмжээг тодорхойлох гэсэн бие даасан судалгааг хийх боломжтой юм байна.

Ингээд Монгол Улс молекул биологийн хэрэглээний цогц, бие даасан анхны лабораторитой болсноор Шинжлэх ухааны парк байгуулах ажлын эхлэл амжилттай тавигдлаа хэмээн салбарын эрдэмтэд онцолж байлаа.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна