Украины засгийн газрыг огцрохыг шаардан жагсчээ

2016 оны 2 сарын 22

 

Украины Киев хотын төв талбайд Ням гаригт /II.21/  1000 орчим хүн засгийн газраа огцрохыг шаардан жагсчээ. Майдан буюу Украины үндэсний тусгаар тогтнолын талбайд жагсагчид зургаан майхан босгож, хогийн саванд гал түлэн өмнөх тэмцлийг дурссан байна. Түүнчлэн тайз ачсан автомашиныг талбай руу оруулаагүйгээс жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Мөн зарим хүмүүс өмнөх бослого тэмцлийн үеэр амь үрэгдсэн 50 гаруй хүний дурсгалд зориулан цэцэг тавьж хүндэтгэл үзүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн өмнө 2014 оны өвөл Киевт нийтийг хамарсан жагсаал бослого тэмцэл өрнөснөөр төрийн эргэлт гарч байсан юм.

 

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко авлигын эсрэг хангалттай тэмцэж чадаагүй засгийн газрын тэргүүн сайд Арсений Яценюкийг огцрохыг шаардсан боловч парламентын санал хураалтаар тогтож үлдсэн юм. Сүүлийн үед Украины улс төрийн зөрчил хурцдаж, зарим шинэчлэгч улстөрчид огцрох болсноор засгийн газартаа итгэх иргэдийн итгэл буурчээ. Түүнчлэн Украины эдийн засгийн аврагч Олон улсын валютын сангаас Киевийн засгийн газар авлигатай тэмцэж, шинэчлэлт хийхэд хангалтгүй ажиллаж байгааг шүүмжлэн шахалт үзүүлэх болсон юм.

 

 

Киевт ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсны дараа Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн бөгөөд зүүн хязгаарт салан тусгаарлах бослого эхэлсэн билээ. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд 9000 гаруй хүн амь үрэгдээд байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна