Афганистанд Монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Афганистанд Монгол цэргийн нэр хүнд өндөр байжээ

Aфганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн багийн энхийн сахиулагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар Батлан хамгаалахын удирдлагууд шагналаа. Афганистан улс нь цаг агаарын тухайд Монголтой төстэй, уулархаг нутагтай, сэрүүн чанарын агаартай юм байна. Цаг агаар нь төстэй байсан нь гэнэтийн халдлага их гардаг Афганистаны нийслэл Кабул хотод  Монгол цэргүүд алба хаахад дөхөмтэй байсныг энхийг сахиулагчид онцоллоо. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ сарын 19 ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд Монгол цэргүүд, АНУ-ын цэргүүдтэй хамтран гурван сая 700 мянган хүн амтай Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазад байрлаж энхийг сахиулсан юм. Ингэхдээ энхийг сахиулагчид  цаг, минут тутам ээлжлэн эргүүлд гарч,аюулгүй байдлыг хангах. Мөн тус хотод буусан нисдэг тэрэг бүрийн аюулгүй байдлыг удирдан, чиглүүлж аюулгүй буулгах ажиллагааг гүйцэтгэсэн байна. 2012 оноос эхлэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл Өмнөд Судан, Афганистан, Африк зэрэг улсуудад энхийг сахиулж буй. Одоогоор 12 гаруй мянган цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт” медалиар Зэвсэгт хүчний 014 ангийн хошууч Б.Ганбат, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан, “Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад Б.Ганжигүүр нарын зургаан албан хаагч энгэрээ мялаасан юм. Мөн “Батлах хамгаалахын Жуух бичиг”-ээр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Сүхбат, “Афганистанд-Энхийн төлөө” медалиар 100 гаруй энхийг сахиулагч шагнуулсан юм. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан тухайд энхийг сахиулах үйл ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцсон. Афганистан улсад анх удаагаа очиж, аюулгүй байдлын төлөө ажилласан. Афганистан иргэдтэй харилцах харилцаа, Монголтой харьцуулахад их содон байжээ.

Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах, цэргийн албан хаагчдыг тусгай үүрэгт сургах, дадлагажуулах зорилготой “Шийдвэртэй дэмжлэг” хоёрдугаар ажиллагаанд цэргийн 20 гаруй ангийн 100 гаруй албан хаагчид ээлжид багтаж, ийнхүү алба хаажээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд алба хаасан цагаасаа өдийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвараараа бусад улсын цэргүүдийг манлайлж эхэлснийг албан хаагчид бахархалтайгаар ярьж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж