Нара ба улс төрийн шинэ өнгө

2016 оны 2 сарын 22

Цахим ертөнцийн од, өрх толгойлсон бүсгүй Нара өнгөрсөн долоо хоногийн хамгийн тод од нь байлаа. Юун ипотекийн зээл, ирцгүй чуулган. УИХ-ын гишүүн болох хүсэлтээ цахим ертөнцөөр уламжилсан түүнийг дэмжигчид хийгээд басамжлагчид бусад асуудлыг умартатлаа хоёр тал болон хуваагдлаа. Зарим телевиз болон сонинууд түүнд эфирийн цаг, үнэтэй нүүр хуудсаа харамгүй зориулсан харагдана. Цахим ертөнцөд ч “Нэр дэвшигч Нараг дэмжигчид” гэсэн бүлэглэл үүсээд амжжээ. ...”Англи, японоор ярьдаг аюулын царайлаг улстөрчтэй болчихвол сайхан юм биш үү” хэмээн цахим ертөнцийнхөн түүний араас уухай хашгирч байгаа бол зарим нь шүүмжлэлийн шүлсийг хайр найргүй үсчүүлж эхэлж.  

Ямартай ч Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн тэрбээр “Яагаад сайхан хүүхэн зориглоод нийгмийг өөрчилж болдоггүй юм. Яагаад сайхан хүүхнээс ухаан гарч болдоггүй юм. Яагаад сайхан хүүхнээс зүрх сэтгэл гарч болдоггүй юм” хэмээн өөрийгөө тодотгоод авлаа.

Гэхдээ нөгөө талд Баянгол дүүргийн акул, ахан дүү нь тус дүүргийн төрийн албанд үүрлэсэн, АН-ын ганц овгор С.Эрдэнэтэй өрсөлдөх зориг зүрхийг өрх толгойлсон бүсгүйд хэн өгөв өө! Тэрхүү зүрх зоригийг Хар, цагаан жагсаалт, Хулгайчгүй Монгол хэмээх уриагаар тугаа өргөж буй залуучуудын байгууллагын тэргүүн А.Мөнхбат бэлэглэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэрбээр  MN 25 телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт Нараг урьсан тэрбээр түүнд бие дааж нэр дэвших санал тавьснаас өнөөдрийн энэ дуулиан шуугиан эхтэй гэнэ. Угаас өрх толгойлсон эмэгтэйг АН-ын С.Эрдэнийг  халз тулаанд дуудна гэдэг зөвхөн А.Мөнхбатаас л гарах санаа биз.

Нара гэх дуучин бүсгүй улстөрд хүч үзнэ гэсэн сургаар олон залуучууд урам орж, намд барьцаалагдсан, суудал худалдаж авдаг улстөрчдийн эрин дуусах цагийн эхлэл боллоо гэж хэлж болохоор байна. Олон нийт ч одоогийн улстөрчдөд итгэл алдарсан, шинэ хүч, шинэ зүйл хүсч буйгаа илэрхийлээд байгаа юм. Энэ нь бүр цахим ертөнцөд “шинэ давалгаа” бий болгожээ.

Товчхондоо Нара улс төрд үүр цайлгаж, нар мандуулах нь ээ.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна