Зуслангийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ

2016 оны 2 сарын 22

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгөв.

Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүргийн биелэлт
 

“АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг  батлав
 

АСЕМ-ын бэлтгэл уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах “Шуурхай удирдлагын штаб”-ыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, “АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын түр журам”-ыг баталлаа. Улаанбаатар хотын хэмжээнд хийх тохижилт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн хоорондын уялдаа, дэс дарааллыг илэрхийлсэн “Нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж, Шуурхай удирдлагын штабаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх сарын 01-нээс ажлыг эхлүүлэх юм.

Зуслангийн бүсийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна. Бусад 59 ажлыг захиалагч байгууллагаас  санал, зураг төслийг ирүүлсний дараа суурин болон хээрийн судалгааг хийх юм.

Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлнэ

2016 оны 03 дугаар сарын 15-ны дотор гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг цуглуулж бүртгэлжүүлэн мэдээллийн сантай тулгалт хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийн хэрэгцээг тодорхойлохоор ажиллаж байна. Орон гэргүй тэнэмэл иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуутай хамтран ажиллаж байгаа юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна

Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч сар сардаа төлж байгаа юм. Нийслэлийн 9 дүүргийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүргүүд  дэх авто тээврийн техникийн үзлэг хяналтын төв, авто тээврийн үндэсний төв, авто худалдааны цогцолбор зэрэг байршилд ажлын болон уртасгасан цагаар байцаагч ажиллуулж байна.

Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах ажлуудыг сайтар сурталчлах

  • Барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй барилга, байгууламжид авах арга хэмжээний талаар дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах

  • Барилгын үйл ажиллагаа явуулах эрхтэй байгуулагуудын ашиглаж буй тоног төхөөрөмж, механизмуудад үзлэг шалгалт хийж,  дүгнэлт гарган нийслэлийн Удирдлагад танилцуулах

  • Барилгын материал тээвэрлэлтийн асуудлын талаар тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулах

  • Нийслэлийн хэмжээнд хулгай болон танхайн гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллах

  • Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах

  • Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээний төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах

  • Нохой устгалын талаар шинэчилсэн бодлого боловсруулж, цаашид хийж хэрэгжүүлэх саналын талаар нийслэлийн Удирдлагын хуралд танилцуулахыг үүрэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна