Үндсэн хуулиа УИХ зөрчсөн үү?

2016 оны 2 сарын 23

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд уг хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж, 79,5 хувийн саналаар дэмжсэн. Уг шийдвэрийг МАН-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тиймээс ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын хуульч гишүүдээс асууллаа.

“ Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй”

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ. Тэр “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Үндсэн хууль Монгол улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол Улс оршин тогтноно. МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй, Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол Улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна. Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьж байна. Тэгж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг юм. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Үүнд санаа зовж байна. Сүүлийн үед цагаандаа гарч байна. УИХ өөрөө Үндсэн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэц таслан зогсооно. Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргавал УИХ нэг удаа буцаана. Хэрвээ үнэхээр харшилсан шийдвэр гаргавал Цэцийн шийдвэрийг анх илгээсэн байгууллагыг саналыг үндэслэж байж хууль зөрчсөн эсэхийг шийднэ. Гэтэл саяны тохиолдолд тэгэлгүйгээр шууд зүтгүүллээ.

“ Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад цэц шийдвэр гаргасан”

Ж.Батзандан: ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл маш тодорхой байна. Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад цэц шийдвэр гаргасан. Энэ үйлдэл нь хууль зөрчих үндэслэл болсон. Тиймээс ҮХЦ-ийн гишүүн хууль зөрчсөн гэж үзвэл санал гаргасан байгууллагын саналаар, эсвэл УИХ өөрөө хууль зөрчсөн гэж үзвэл эгүүлэн татах боломж байдаг. Тиймээс УИХ-ын дарга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Зоригтод  албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд УДШ-ээс энэ асуудалд тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийд гэсэн утга бүрхий албан бичиг ирсэн. Ингээд УИХ-аар цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлээр эгүүлэн татсан. Эрх зүйн ямар ч зөрчил байхгүй. Унасан бүхэнд шалтаг байхгүй гэж үг байдаг. Монголын төрд хариуцлага хүлээж чаддаг төрийн албан тушаалтан байх хэрэгтэй” хэмээн АН-ын бүлгийн хурал дээр мэдээлсэн юм.

Ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн

Х.Тэмүүжин: Хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байсан. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичсэнийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна билээ. Тэгэхээр ердийн хуульд  дбайгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ. ҮХ-ийн 65-р зүйлийн 4-т зааснаар ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу УДШ-ийн санал байна. УИХ одоо эргүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг ҮХЦ сая түдгэлзүүлчихсэн.

ҮХЦ энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу, үгүй гэж маргаж болох байсан.

Т.ДАВААНЯМ

     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна