Төмөр зам барих цэргүүд мэргэшиж эхэллээ

2016 оны 2 сарын 23

Таван толгой-Гашуун сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төслийг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар санаачилсан. Улмаар энэ төслөө хэрэгжүүлэхээр 2016 оны төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгасан юм. Төмөр замын цэргийн анги байгуулан 10 мянган залууг татаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургасныхаа дараа төмөр замын ажилд цалинтай ажиллуулна гэсэн ерөнхий зураглалыг гаргасан ч, төмөр замын анги гэсэн тусгай цэргийн анги байгуулахгүй гэдгээ салбарын яам нь мэдээлж эхэллээ. Эхний ээлжид 2601 цэргийг сургахаар болж, сургалтыг Налайх дүүргийн МСҮТ-д эхлүүлжээ.  Тодруулбал, Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын оператор мэргэжлээр 110 цэргийн алба хаагчийг сургана. Мөн Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Төв аймаг дахь МСҮТ зэрэг хэд хэдэн газарт энэ сургалтыг давхар явуулах юм байна. Улсын Их Хурлын чуулган дээр ярьсан шиг хүрз, жоотуу бариад цэргүүд төмөр замын ажлыг хийхгүй. Тусгай мэргэжил эзэмшсэн хугацаат цэргүүд орчин үетэй хөл нийлж, шаардлагатай техник хэрэгсэл ашиглан бүтээн байгуулалтад оролцоно гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэдэгдлээ. Одоогоор яг хэчнээн тооны цэрэг Өмнөговиос Сайншанд хүртэлх төмөр зам тавих ажилд оролцох вэ, цэргүүдийн цалин хэд байх вэ зэргийг салбар яам нь тогтоогоогүй байна.

“Монголын төмөр зам” компаниас  говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжид 3300 ажилчин хэрэгтэй. Үүнээс 700 ажилчин нь өндөр түвшний мэргэжлийн байх шаардлагатай гэсэн саналаа Хөдөлмөрийн яамд хүргүүлээд байгаа. Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах ажиллах хүчин буюу цэргүүдийг МСҮТ-д сурган бэлтгэх нь цэрэг төмөр зам барина гэхээс илүү залуус боловсрол эзэмшиж, мэргэжилтэй болж, ажлын байраар хангагдах нь нэг дэвшил хэмээн Хөдөлмөр сайд Г.Баярсайхан тайлбарлаж байлаа.

Хүнд машин механизмын оператор, жолооч, бетон арматур, экскаватор гэсэн таван төрлийн мэргэжлээр суралцаж буй сонсогчид хоёр сард 280 цагийн онолын хичээл үзэж гурван сард 480 цаг техник хэрэгсэл дээр дадлага хийх юм байна. Мөн сурах хугацаандаа Налайх дүүрэг дэх цэргийн анги дээр байрлаж ирэх хавраас төмөр замын бүтээн байгуулалтад оролцож эхэлнэ гэж салбарын сайд нь мэдээллээ. Дөрвөн сарын хугацаанд бэлтгэгдсэн цэргүүд төмөр зам барьж чадах уу гэж шүүмжлэх тал ч бий.  Шүүмжлэгч талууд төмөр замын ажлыг инженер, техникийн мэргэжилтнүүдийн маш нарийн тооцоо, судалгаанд дээр үндэслэн, мэргэжлийн хүмүүсээр бариулах ёстой гэж үзсэн. Харин Улсын Их Хурлын дарга, Батлан хамгаалах, Хөдөлмөрийн сайдуудын тооцсоноор ирэх хавраас тусгай мэргэшсэн цэргүүд бүтээн байгуулалтын ажилдаа орох төлөвтэй  байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна