Төгрөг “тэнхрэх” найдлага байна уу, Ерөнхий сайд аа!

2016 оны 2 сарын 23

Үндэсний мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартай харьцах ханш нь 2035-д хүрлээ. Энэ бол энэ жилийн төсөвт суулгасан 2030 хэмээх тооноос хэтэрч буйн дохио. Ханш ийнхүү суларч байгаа нь энэ онд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой.

2011 онд хөрөнгө оруулалт, уул уурхай ид цэцэглэж, эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Тэгэхэд нэг ам.доллар ердөө л 1260 төгрөгтэй тэнцдэг байж. Харин өнөөдөр манай эдийн засгийн өсөлт таван хувьд ч хүрэхгүй байна.

Энэ онд төсөвт эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувьд барина гэж тооцсон бол оны сүүл гэхэд дөнгөж гуравхан хувьтай байх талаар урьдчилсан төлвийг tradingeconomics.com сайтад дурдсан байсан билээ.

Тэгээд ч хөрөнгө оруулалт жилийн эхнээс нэг их өөрчлөгдөхөөргүй дүр зургийг ч тэнд тэмдэглэсэн байсан. Хамгийн гол нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2030 биш харин 2090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан.

Дэлхийн голлох валютуудын эсрэг суларсаар байгаа америк мөнгөн дэвсгэрт Монголд маань хүчээ авч, гадаад урсгалын эргэлтийг хүлээж байна. Зөвхөн гадны урсгалыг хүлээж суусаар байвал ам.доллар 2090 битгий хэл өндөрт тулахыг хэн ч үгүйсгэхгүй билээ.

Энэ зуур “ногоон”-ы ханш дэлхий дахинд ямархуу өнгө төрхтэй байгааг сонирхуулъя.

Ам.долларын ханш энэ хоёрдугаар сар гарсаар буурч эхэлсэн талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ.

Энэхүү валютын ханш дэлхийн голлох 16 валютын эсрэг суларсан нь цаашид ч ханш унах магадлалтай гэсэн төлвийг бий болгожээ. АНУ-ын эдийн засгийн уналт ам.долларын ханшийг унахад ихээхэн нөлөөлж байгаа юм. Өдөрт 5.3 их наяд ам.долларын эргэлттэй энэ эдийн засгийн удаашралыг хэрхэн сэргээх талаар шинжээчид тоймтой хариу хэлж чадахгүй хэвээр байна.

“Ам.долларын ханшийн уналт их байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бусад Төвбанкуудтай адил мөнгөний хатуу бодлого барих шаардлагатай болсныг харуулж байна” гэж шинжээчид үзжээ. Гэтэл АНУ-ын үйлчилгээний салбарын тэлэлт өнгөрсөн нэгдүгээр сард 2014 оноос хойшхи хамгийн сул үр дүнг бий болгожээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар ойрын хугацаанд валютын ханш тогтворжих магадлал тун тааруу байгааг илэрхийлсэн юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх нарын байр суурийг сонирхлоо.

Ц.Батсүх:

ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРЖИХГҮЙ

-Валютын ханш энэ хавартаа тогтворжихгүй. Цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь валют орж ирэх урсгал багассан. Мөн Төвбанкны албан нөөцийн хэмжээ буурч байгаа зэрэг нөлөөлөх хүчин зүйл бий. Хэрэв төсөвт валютаар хийх зардал байгаа бол зайлшгүй тодотгоно. Харин орлого талдаа оррж ирэх урсгал нэмэгдвэл ашигтай байх болно. Өөрөөр хэлбэл, зэсийн экспортын хэмжээ өсвөл валютын хэмжээ өснө. Ингэснээр валютын орлого нэмэгдэнэ.

 

Б.Алтанцэцэг:

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРНА ГЭДЭГТ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ

-Валютын ханш тогтворжино гэхэд маш хэцүү. Ойрын хугацаанд юу болох вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Одоогоор хөрөнгө оруулалт хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг талаас хавар үйл ажиллагаа идэвхжих үе, нөгөө талаас мөнгөний бодлого зөөлөрч байгаа үед валютын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах болно. Ийм нөхцөлд ам.долларын ханш суларна гэдэгт найдах хэрэггүй.

 

Нөхцөл байдал ийм л байна. Нэгэнт ийм болчихсон эдийн засгаа хэрхэн хөл дээр нь босгох вэ. Уул уурхайн хэдэн төсөл харсаар төгрөгт итгэх иргэдийн итгэлийг бүр алга хийх үү. Яг одоо Монгол Улсын Засгийн газар төгрөгийг “тэнхрүүлэх” бодитой бодлого хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Гадаадынхныг шүтэж, уул уурхайгаас хамааралтай байхаа больж, өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ өрсөлдөхүйц хүчээр “цэнэглэх” цаг иржээ.

Төгрөг “тэнхрэх” үү. Энэ асуултад хариулж өгөөч, Ерөнхий сайд аа.

Ж.ЦОГЗОЛМАА, Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна