Цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгахаар болов

2016 оны 2 сарын 23

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж судалгаагаар гаргасан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11 дугаар сараас хойш ажилласан бөгөөд тус ажлын хэсэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид үүсэд байгаа нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид яаралтай авах арга хэмжээнүүдийг тодорхой болгосон байна. Одоогоор Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөл хийгдэж байгаа бол. Концессын гэрээгээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж  байна.  II тунгаагуур 2ш, Биоцөөрөм ашиглалтад оруулах ажил Барилга хот байгуулалтын яамны удирдлага дор барилга угсралт 50 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн дөрвөн саналыг ирүүлж, Канад, ОХУ, Япон, Монгол Улсын долоон удаагийн туршилтыг хийсэн. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарч буй үнэр тухайн цэгээс 14 километрийн бүсд үнэртэж байгааг тогтоосон байна. Тус ажлын хэсгээс Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан  лагийг боловсруулах технологи нэмэх, үнэр арилгах ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, технологийн судалгааг гаргасны дагуу  шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/135 дугаар захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргалаа.
Захирамжаар дараахь үүргийг өглөө.

  • Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтанд оруулах” 8,1 тэрбум төгрөгийн  төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах

  •  Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт

  •  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.  

Эдгээр ажлыг 2016 оны 03-06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна