“Шарил” шүтэгсэд

2016 оны 2 сарын 23

-Шүншиглэсэн гэх “шарил”-д  хамаг байдгаа бардаг монголчууд гадагшаа их хэмжээний мөнгө зарцуулж байхаар эндээ байгаа хэддээ мөргөөд явж байвал эдийн засагт ч хэмнэлттэй бус уу-

Толгой сэгсрэн уруу дорой амьдарч байгаагаа шогширдог монголчууд олсон хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулж буй нь гайхмаар. Дундад зуунд монголчуудын зөөсөн алтаар Төвдийн сүм хийдүүд бурхан цутгасан бол энэ цагт бидний хурааснаар ашиг орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа залгуулах болжээ. Оны өмнөхөн нэр, нөлөө бүхий нэгэн сайд шуудай эрхи бариад Далай ламыг зорьсон гэх. Тэрбээр дээрхийн гэгээнтнээр адислуулж, аравнайлуулсан эрхээ цагаан сараар ойр дотныхондоо тарааж “бурхан” болох шахсан сурагтай. Буян нь дэлгэрэх болтугай. Ямартай ч шуудай эрхи нь зүгээр Гандангийн дэлгүүрийн лангуунд хөглөрч байдаг хямд үнэтэй эд байгаагүй нь мэдээж. Багагүй мөнгө ч зарцуулсан гэсэн. Гэхдээ Төвдөд очиж суварга босгуулдаг нэгний хажууд бол бас ч гэж монголчууддаа бэлэг болгоод тараасан нь их юм.

Иймэрхүү байдлаар гадагш чиглэх монголчуудын цуваа сүүлийн арваад жил тасарсангүй. Энэ нь эдийн засаг дээрдсэний дээр бидний сүсэг, бишрэл сэргэсэнтэй ядах юмгүй холбогдох нь тодорхой.

Утай, Гүмбэн, Итгэл хамбыг бол бүгд л зорих болж. “Монгол аялал” компанийн ерөнхий захирал Ц.ПүрэвдоржИтгэлт Хамбын аяллыг 2007 оноос эхэлсэн. Тэгэхэд мөн л Итгэлт Хамбын тухай хүмүүс мэддэггүй байсан. Энэ талаар телевиз, радио, сониноор их ярьсны үндсэн дээр Итгэлт Хамбыг мэддэг болсон” гэж яриандаа дурджээ. Тухайн цагаас л эхлэн ажил үйлсээ бүтээж, амьдралаа өөд нь татах гэсэн хэн бүхэн тийш хүлгийн жолоо залах нь тэр. Аялал жуулчлалын компаниуд гол цэг болгон дээрх гурван газрыг хатгажээ.

Тэдгээр компаниудын ханшийг сонирхвол 320-355, зарим үед 420 мянгаар нэг хүнийг аялуулдаг аж. Компаниуд жуулчдын тоогоо тодорхой хэлээгүй ч ойролцоогоор 3-4 тэрбум орчим төгрөгийг Итгэлт хамбыг үзэхэд зарцуулдаг гэсэн албан бус тооцоо байна.

Нэг жуулчин ирэхэд ойролцоогоор 20 хүн ажилтай болж байдаг гэсэн тооцоо бий. Үүгээр тооцвол бид гадаадад хэдий хэрийн ажлын байр бий болгоод байна вэ?

Гэтэл Монголын өв соёлын үнэт өв өнөөдөр устаж, эхнээсээ байшин барилга нь муудаад хаалгаа барьж байна. Итгэлт хамба шиг занданшуулсан Ёнзон хамбын шарилаас эхлээд өнгөрсөн жил хулгайгаар гаргах гэж байгаад баригдсан гайхамшигт 84 шидтэний нэг гэгдэх, Цорж Санжжавын занданшуулсан шарил олдсон. Хамгийн сүүлд л гэхэд IX Богдын “Лагшин эрдэнэ”-ийг өнгөрсөн долоо хоногт Ганданд залсан.

Ёнзонхамба Балданчоймболын занданшуулсан шарилыг хувьд одоогийн Чойжин ламын сүм музейд бий. Чойжин ламын сүм төр-шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм байсан бөгөөд хатуу ном хурж, Чойжин буулгадаг байсан талаар бишгүй баримт байдаг.

Коминтерны монголчуудын шашин, соёлыг утсгах бодлогын дагуу хурал номьн үйл ажиллагааг нь 1938 онд хааж байсан ч хөндөгдөлгүй бүтэн үлдсэн цорын ганц сүм нь Чойжин ламын сүм. Гэхдээ эрдэмтэн, мэргэд монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдаж байгаа гэх шалтгаанаар 1939 онд уг сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авхуулж чадсан байдаг.

Сонирхолтой нь 1951 онд Засгийн газрын ордныг сүмийн чанх хойно барьсан зэрэг нь ихээхэн анхаарал татна. Ингэх болсон шалтгаан нь тохиолдол бус билэгдэл. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга билэгдэл агуулсан талаар учир мэдэх нэгэн нь тайлбарладаг. Эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг нь тохиолдлын хэрэг биш. Шашныг тас хориглосон үед ч коммунистнууд нууцаар энэ сүмд хатуу ном хуруулдаг байсан гэдэг.  

Харин тэрхүү Гол сүмд нь Ёнзонхамба Балданчоймболын занданшуулсан шарил бий. Ёнзон хамбыг мөнхийн ус уусан амьд дүр хэмээн шүтдэг ажээ.

Ёнзон хамба нь VIII Богд хааны дүү Лувсанхайдав чойжингийн багш байжээ. Тэрээр мэргэ, төлөгт төгсөрсөн нэгэн байсан төдийгүй Монголын түүхэнд болох чухал үйл явдлуудыг урьдаас тааварлаж, тэр ч утгаараа Чойжин ламын сүмийг бариулахаар хөөцөлдөж байсан тухай үлгэр домог шиг бишгүй яриа бий.

Авъяас билэг, чадал, чансаагаараа Итгэлт хамбаас давна уу гэхээс дутахгүй.

Гэтэл энэ сүм өнөөдөр сүйдэх аюулд хүрчээ. Сүмүүдийнх нь дээвэр нь муудсан, дусаал гоождог болсон ч засварлахад 50 тэрбум төгрөг шаардлагатай болж.

Иймэрхүү байдлаар л өөрсдийнхөө үнэт өв соёлд бид хандаж байна. Уг нь Чойжин ламын сүм музейн менежмент, маркетингийг зөв хийж чадвал бид дэлхийн жуулчдыг татах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр хаалттай, онцгой ганц нэг тохиолдлыг эс тооцвол үргэлжийн цоожтой байдаг нь нууц биш.

Үзмэрийнх нь талаар асууж сураглавал тээршаах маягтай. Гэтэл Итгэлт хамбын тухай үнэн гэхээсээ үлгэр мэт домог өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр тоолонгоор жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Харин бид өөрсдийн үнэт зүйлсээ үзүүлж, мөнгө олоод байдаггүй юмаа гэхэд хамгаалж ч чадахгүй байх жишээтэй.

Төв талбайнх нь урдхан талд, 200 метр хүрэхтэй, үгүйтэй газарт Ёнзон хамбын занданшуулсан шарил байдаг ч мэддэг хүн ховор байдгийн шалтгаан нь ердөө өөрсдийнхөө зүйлийг үнэлж, хайрлах хамгаалдаггүй, гадны юм болгоныг дахин шүтдэгтэй маань холбоотой. Адаглаад мөнгө, цаг заваа хэмнээд амар, хялбар очоод сүсэглэчих байхад ам дамжсан домогт итгэн Улаан-Үдийг зорих хэрэг байна уу?!

Байгаагаа баяжуулж чаддаггүй юмаа гэхэд утсгачихгүй баймаар сан.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна