Сайн малчин хөтөлбөрийг батлав

2016 оны 2 сарын 23

Засгийн газрын хуралдаан 2 дугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МАЛДЧЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

- “Сайн малчин” хөтөлбөр батлагдлаа -

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Хөгжлийн банк, Төрийн банкны ТУЗ-д тус тус даалгасан байна.

“Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд

- мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх

- анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах

- мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих

- малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна.

Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 3 их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалагдаж байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.

- Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа - 

“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн чанар, ашиг шимийг дээшлүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөтгөх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэх  шаардлагатай байна. Засгийн газраас үүнд шаардлагатай санхүүжилтийг гарган, арилжааны банкаар дамжуулан тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн болох малчдын үйлдвэрлэлийг дэмжих 10 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.

Дэд хөтөлбөрт зээл авах малчдын шалгуур болон оролцогч банкуудын шалгууруудыг тодорхой тусгаж өгчээ.

Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар хөтөлбөрт тусгажээ.

“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

“Гааль, татварын мэдээллийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь:

- гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах

- нэгдсэн сангийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн гааль, татварын албанд тайлагнах

- гааль, татварын мэдээллийн технологийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн ажиллагааг хангах

- НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид олгох урамшууллын системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах ажлыг хариуцна.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцууллаа

2015-2016 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал үүссэн талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гадаад орон, олон улсын байгууллагад хандан уриалга гаргаж, хүмүүнлэгийн тусламж хүсэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа бөгөөд 2 дугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байна.

Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна. Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу байгаа учраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсэхээр шийдвэр гаргалаа.

Хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олголоо

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Мальта Улс, Мьянмарын Холбооны Улс,  Люксембургийн Их Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү хэлэлцээрүүд нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцид нийцүүлэн, олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж, тал бүрээс томилогдсон агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл, агаарын тээврийн байгууллагуудын нислэг үйлдэхэд мөрдөх багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамжийн тухай зохицуулалтыг тодорхойлсон байна.

Хэлэлцээрүүдийг байгуулснаар манай улсын агаарын харилцааны эрх зүйн зохицуулалт сайжирч, агаарын тээврийн байгууллагууд зах зээлээ өргөжүүлэх бодлоготой уялдуулан хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна, шууд бусаар буюу аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх, агаарын тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн илүү тодорхой зохицуулалт бүрдэх юм.

ТОВЧ МЭДЭЭ:

- Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэсэн ажлын дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

- Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

- Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны 2016 оны 1 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгав.

- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 2-р сарын 19-ний өдөр Монгол Улсын хилийн Бургастай боомтод ажилласан дүнгийнхээ талаар гишүүдэд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна