Гадаад паспортыг шинэчилнэ

2016 оны 2 сарын 23

Бүртгэл статистикийн ерөнхий газар иргэдийн гадаад паспортыг шинэчлэх ажлыг энэ оноос эхлүүлэхээр болжээ. Ингэснээр монгол иргэдийн гадаад паспорт олон улсын стандартыг хангах гэнэ. Манай монголчууд 2002 болон 2006 оны загвар бүхийг гадаад паспортыг хилээр давахдаа ашигладаг. Гэтэл эдгээр загваруудад чип байдаггүй, мөн хугацааг нь сунгахдаа улсын бүртгэгчид гараар бичилт хийдэг зэргээр цаг үе, дэлхийн стандартаас хоцрогдсон. Тиймээс Монгол Улс энэ оны сүүлээр иргэдийнхээ гадаад пасспортыг чиптэй хувилбараар шинэчлэхээр төлөвлөөд байна.

Олон улсын иргэний нисэхийн газраас анх манай улсаас олгодог гадаад паспортын загвартай холбоотой тодорхой хэдэн зөвлөмжийг Монгол Улсад өгч байсан аж. Үүнд:

  1. Гадаад паспортод чип суулгах шаардлагатай.

  2. Гадаад паспортын бүх мэдээлэл машинаар уншуулах боломжтой болгох гэсэн хоёр үндсэн зөвлөмжийг өгсөн байна.

Учир нь өнөөгийн хэрэглэж буй гадаад паспортын ард хэсэгт сунгалт гэж байдаг. Үүнд Улсын бүртгэлийн ажилтан гараар бичилт хийдэг. Гэтэл гараар бичсэн энэ мэдээлэл нь олон улсын хил, гааль дээр автомат  машинаар уншуулахад мэдээлэл нь гарч ирдэггүй гэнэ. Дээрээс нь чип байдаггүй. Үүнээс болоод Монгол Улсын иргэдэд олон улсын виз олгоход ч хүндрэл учирдаг талаар албаны хүмүүс ярьж байна. Чиптэй паспорт нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд хилээр гарах, олон улсын виз мэдүүлэхэд хялбархан  болохыг УБЕГ-ын Гадаад паспортын газрын дарга Б.Энхцэцэг мэдээллээ.

Ингээд Олон улсын иргэний нисэхийн газрын зөвлөмжийн дагуу 2015 онд Гадаад хэргийн сайд чиптэй гадаад паспортын загварыг баталсан. Улмаар чиптэй гадаад паспортын тендерт Унгар Улсын Үнэт цаас, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэлийн компани ялсан байна. Унгарын ерөнхий сайдын өнгөрөгч айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагааны гэрээгээ байгуулжээ. Одоогоор хоёр тал паспортын бэлдэц хүлээн авах ажлаа эхлүүлсэн байна.

Шинэ гадаад паспортыг энэ оны сүүлийн хагасаас хэрэглээнд оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ иргэн бүр заавал чиптэй гадаад паспорт авахыг шаардахгүй юм. Өндөр нууцлалтай, чиптэй паспорт авах уу, эсвэл хуучин хувилбараа хэрэглэх үү гэдгээ иргэд өөрсдөө шийдэх гэнэ.  

Шинэчилсэн паспортын хувьд чиптэй гэдэг утгаараа өндөр нууцлалтай. Хоёрдугаарт, сунгалт хийлгэх шаардлагагүй аж.. Ер нь олон улсад гадаад паспортын сунгалт, гараар бичилт гэдэг ойлголт байдаггүй юм байна.

Бүртгэл статистикийн ерөнхий газарт гадаад паспорт шинээр авахаар өвөлдөө өдөрт 500-800 иргэн, зундаа 2000 орчим иргэн ханддаг байна. Харин хугацаа сунгуулахаар өдөрт 300-400 иргэн үйлчилгээ авдаг аж. Гадаад паспортын шинээр олголтын ажил эхэлснээр энэ оочер дугаар нэмэгдэх юм байна. Гэхдээ нэгэнт паспортоо шинэчилсэн тохиолдолд сунгалт хийлгэнэ гэж ирэх шаардлагагүй болно.

Одоогоор шинэ гадаад паспортын үнэ хэдэн төгрөгөөр тогтоогдох асуудал тодорхой болоогүй юм байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна