Иргэдийн өргөдөлд хариулт өглөө

2016 оны 2 сарын 23

Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдөл гомдолд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариулт өглөө. Тус байнгын хороонд ирсэн өргөдөл бүрт хариулт өгөх боломжгүй тул нэг сэдвээр багцалж хариулт өгөхөөр шийджээ. Ингэхдээ нийтийн эрх ашгийг хөндсөн гэх асуудлыг багцалж, албаны хүмүүс хариулт өгсөн юм.

СХД-ийн 29-р хорооны Москва хороололын 119-а байрны 27 тоотод оршин суугч Ц.Батмөнх: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрт тогтоолгож болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны долдугаар сарын 4-ны 104 дүгээр захирамжаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасны дагуу 60 нас хүрээгүй гэсэн шалтгаанаар одоог хүртэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадалгүй хохирч байна. Иймд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн уялдааг хангаж өгөхийг хүссэн байна.

Үүний хариуд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.6-д шүүгч 25 жилээс дээш ажилсан бол тэтгэвэр тогтоож болно гэсэн заалтыг нэмж оруулах юм бол энэ хүнд тэтгэвэр тогтоож өгөх боломжтой гэсэн юм.

Дараагийн өргөдөл болох иргэн Н.Мөнхчулуунаас ирсэн “Хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудаас Нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тутгэвэр 240 мянган төгрөг авч байгаад өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэтгэврийн хэмжээ 70 мянгаас 80 мянган төгрөгөөр буурч байгаа тул хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өндөр насны тэтгэврийг бодох аргачлалыг өөрчилж өгөх”-ийг хүссэн хүсэлтийн хариуд  Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн “Энэ өргөдөлд дурьдсан тоо зөрүүтэй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа бүх хүмүүс хамгийн багадаа 230 мянган төгрөгөөр тогтоолгодог. Үүнээс 10 мянган төгрөгөөр буурч магадгүй. Харин 70-80 мянган төгрөгөөр буурах үндэслэл байхгүй” гэвв.

Дээрх өргөдлүүдийн хариуг багцлан хүргэх ажлыг тус байнгын хороо зохион байгуулах аж.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна