Төмөр замын дуулиан юу болов?

2016 оны 2 сарын 23

Анх аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс мөнгө завшсан гэх асуудлаар Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан нь зарим улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг хөдөлгөөнд оруулсан юм. Байдаг л нэг хурган даргын баривчилгааг АН-ын бүлгийн хурлаараа авч хэлэлцээд зогсохгүй, тус намын зарим нэг фракцийн тэргүүн уг асуудлыг Тавантолгойтой холбон, “Намайг ч бас шалгах биз” хэмээн мэдэгдэж байсан нь хэдхэн сарын өмнөхөн.

Б.Батзаяаг баривчилсан их их шуугиан Г.Шийлэгдамбын авлигын хэрэг, ирвэс хамгаалагчийн учир битүүлэг үхэл, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал, Үндсэн хуулийн цэцтэй хийх УИХ-ын хэрүүлийн дуулианд дарагдаж, төмөр замын гэх их мөнгөтэй холбоотой энэ хэрэг ингэсхийгээд замхрах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна.

Гэвч, энэ хэргийг замхруулах сонирхол улстөрчид илүү байсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх  болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсанаас хойш, өнгөрсөн баасан гаригт АТГ-аас мэдээлэл хийхдээ -Н.Батзаяатай холбогдох хэргийн эрэн сурвалжлах ажиллагаа олон улсад үргэлжилж байгаа” гэснээс үзвэл төмөр замтай холбоотой мөнгө завшсан гэх асуудлыг хууль хяналтынхан мөрдөж шалгаж байгаа нь хэвээрээ бололтой.

Сар шинийн өмнө Б.Батзаяаг батлан даалтад гаргасныг  өмгөөлөгчид нь сэтгүүлчдээс “нууцалж” байсан нь энэ хэргийг олон нийтийн анхаарлын төвд дахин оруулах, мөн улсын яллагчийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх вий гэж болгоомжилсонтой холбоотой биз. Иймэрхүү хардлага төрөхүйц үгийг БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өмгөөлөгчийг хэлсэн“Суллагдсан нь үнэн. Өнгөрсөн баасан гаригт суллагдсан. Гэвч прокурор эсэргүүцэж мэдэх юм гэсэн болгоомжлол байна” гэх тайлбар баталж буй.

Б.Батзаяаг баривчилсан их их шуугиан Г.Шийлэгдамбын авлигын хэрэг, ирвэс хамгаалагчийн учир битүүлэг үхэл, Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал, Үндсэн хуулийн цэцтэй хийх УИХ-ын хэрүүлийн дуулианд дарагдаж, төмөр замын гэх их мөнгөтэй холбоотой энэ хэрэг ингэсхийгээд замхрах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд бондоос зарцуулсан 200 сая ам.доллар, Х.Баттулга нарын зургаан хүний дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн гэх мэдээлэл үнэн худал эсэх нь тодорхойгүй, АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа билээ.

Энэхүү дуулиан дэгдсэний дараа үүнтэй холбоотойгоор нэгэн өнгөрсөн хэрэг эргэн сөхөгдсөн нь төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж амиа хорлох шахсан гэх мэдээлэл  хэвлэлээр цацагдсан явдал. Тэрбээр тус ажлыг гүйцэтгэхээр бусдаас их хэмжээний зээл авсан бөгөөд ажлаа гүйцэтгэсэн ч  санхүүжилтыг Б.Батзаяа нарын хүмүүс өгөөгүй учраас  их хэмжээний өрөнд орж, гэрээслэл бичээд амиа егүүтгэхийг оролдож байсан гэх.

Б.Батзаяаг баривчлагдсаны маргааш Тавантолгойн гэрээний төсөл гэх 40 гишүүний гарын үсэг бүхий төслийг Засгийн газарт өргөн барих мэдээлж байсан Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар энэ тал ганхийхээ больсон ч учир шалтгаантай байж мэдэх юм. Ямар ч байсан Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаан дээр Х.Баттулга Ч.Сайханбилэгийн талд  кноп дарсны дараахан Б.Батзаяа шоронгоос суллагдсаныг АН-ын фракфциудын дунд том тохироо явагджээ гэж дүгнэх хүмүүс улс төрийн хүрээнд цөөнгүй байлаа.

Гэхдээ, төмөр замын гэх энгийн иргэний санаад ч багтамгүй их мөнгөний хэрэг ингээд замрах уу, эсвэл эрх зүйт төрийн хууль иргэн бүрт адилхан үйлчилдэг үү гэдгийг харж сууя.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна