Гомдомтгой хүн улстөрд явахгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Гомдомтгой хүн улстөрд явахгүй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг, үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдлүүдийг багцалж таван асуудлаар хариулт өглөө. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Өргөдлийн байнгын хороо долоо хоног бүр иргэдээс ирсэн өргөдлийг багцалж нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр нийтийн шинжтэй таван өргөдлийг хэлэлцлээ. Өргөдлүүдийн хоёр нь цалин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой үлдсэн гурав нь газрын эрхийн зөрчилтэй, газрын маргаантай холбоотой асуудал байсан. Холбогдох албан тушаалтны хариулт болон өргөдөл гаргасан иргэдийн байр суурийг сонслоо. Шийдвэрлэх гарц арга замуудын талаар ярилцаж холбогдох албан тушаалтанд чиглэл өглөө.

-Өргөдлийн байнгын хороонд С.Зориг агсны гэргий Б.Булганы талаар түүний ар гэрийнхэн нь өргөдөл ирүүлсэн байдаг. Энэ өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж тодорхой хүмүүсийг сэжигтнээр татаж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог.

-Прокурор танай байнгын хороонд ирсэн өргөдлийг хүлээж аваад шалгаж байна гэлээ. Ямар үндэслэлээр хэнийг шалгаж байгаа вэ? 

-Миний бие ӨБХ-ны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж, Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.

-Энэ хэрэгтэй холбоотой Эрдэнэт хотоос хоёр хүнийг шалгаж байна гэсэн мэдээлэл байсан. Ямар учраас шалгаж байгаа юм бол. Танай байнгын хороонд тэдгээр хоёр хүний ар гэрээс хандсан өргөдөл, хүсэлт ирсэн үү?

-ӨБХ-нд Эрдэнэтээс С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрээс өргөдөл ирээгүй.

-МАН таныг өөрсдөөс нь уучлалт гуйх ёстой гэж хэлсэн. Та уучлалт гуйх уу?

-МАН-ын нөхдүүд маань надад жаахан гомдсон юм шиг байна. Улс төрийн үйл ажиллагааны явцад улс төрчид бие, биенээ хатуу үгээр хэлэх шүүмжлэх нөхдүүд цөөнгүй байдаг. МАН-ынхан ч мөн АН-ыг хатуу шүүмжилдэг. Энэ бол улс төр дэх жирийн үзэгдэл. Гомддог хүн улс төрд явах боломжгүй. Тэгэхээр улс төрд тэвчээртэй хүн үлддэг. Аль, аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой. Хэлэх үг, хэлэхгүй үг гэж байна. Хатуу үгийг би цөөхөн хэлдэг. Гэхдээ түүхэн үнэнийг хэзээ ч мушгин гуйвуулах боломжгүй л дээ.

-“Алуурчин нам” гэдгийг ямар утгаар нь хэлсэн юм бэ?

-Яг алуурчин гэж хэлээгүй. Миний хэлсэн үгийг анзаарвал их өргөн агуулгаар сонсогдоно. МАН бол саяхан байгуулагдаагүй. 90 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд алдаа, оноо их гаргасан. Монголын түүхийн 90 жил МАН-тай холбоотой. Тухайлбал, сүүлийн 23 жилийн турш нийслэлийг МАН удирдсан. Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол болон хүнд суртлаас нь болж олон мянган хүн хохирсон. Ялангуяа олон эх, нялх балчир үр хүүхдүүд амь насаа алдаж байна. Олны анхаарлыг татсан Төмөр-Очирын хэрэг байна. Тухайн үед МАН эрх барьж байсан. 1964 онд 250 сэхээтнийг МАН-ын Төв хорооны шийдвэрээр 25 жил цөлсөн. Цөллөгт байсан 250 сэхээтний 100 гаруй нь нас барсан. Энэ мэт МАН-тай холбоотой түүхэн шарх их бий. Тэгэхээр түүхийн шархыг ярьж, хэлэхэд манай МАН-ынхан их гомддог. Гэхдээ түүхийн үнэнээс суралцах хэрэгтэй. Гомдох хэрэггүй. МАН ариухан нам биш. АН  ч мөн ариухан нам биш ээ. Улс төрийн намууд алдаа, онооноосоо суралцах хэрэгтэй. Ж.Батзандан үе, үе үнэн үг хэлэх болно. Түүнд битгий гомд.

-Тэгэхээр та уучлалт гуйх шаардлагагүй гэж хэлж байгаа юм уу?

-Яагаад уучлалт гуйх ёстой гэж.  

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж