Иргэдийн унааг түрээслэх үү?

2016 оны 2 сарын 23

Гадаад хэргийн яамнаас өнөөдөр ээлжит “Хэвлэл мэдээллийн цаг”-ийг хийсэн юм. Энэ үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АСЕМ-ын зочдод үйлчлэх машины асуудал бүрэн шийдэгдсэн үү?

-АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр урьдчилсан судалгаагаар 350 гаруй унаа шаардлагатай болсон. Үүнээс 250-ыг нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнтэй хамтрахаар гэрээ хийж байна. Мэдээж эдгээр машинуудыг татвараас чөлөөлнө. Тиймээс төрөөс ямар нэг байдлаар зардал гаргахгүй. АСЕМ-ын үеэр үнэ төлбөргүй ашиглаад хувийн хэвшилд нь буцааж олгох гэрээ хэлцэлтэйгээр ажиллаж байна. 250 машины цаана дахин 100 орчим машин шаардлагатай. Төрийн байгууллага, яам, тамгын газруудад хэрэглэж буй болон хувийн байгууллага, хувь хүмүүсийн эзэмшиж буй унааг ашиглах боломжийн талаар судалгаа хийж байгаа.

Зам тээврийн яамнаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ гэсэн төсөл боловсруулаад ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын банкны хөнгөлөлттэй зээлээр 300 гаруй том оврын автобусыг оруулах томоохон төслийг боловсруулж байна. Эхний ээлжид 50 автобусыг АСЕМ-ын өмнө нийлүүлэх хүсэлтийг БНСУ-ын талд тавьсан. Ямартай ч уулзалтын үеэр 50 автобусыг ашиглана.

-АСЕМ-ын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Иргэдийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа гэсэн. Үнэн үү?

-Зочид төлөөлөгчдийн маршрут тодорхой болсон. Долоодугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын гол арга хэмжээ болно. Энэ өдрүүдэд хотын төвийн замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд хязгаарлагдана. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаас нь төлөвлөж байна. Мөн энэ үеэр нийслэлийн иргэдийг зуны амралтаа авч хөдөө гадаа явах, аялж зугаалахыг бидний зүгээс уриалах болно. Аялал жуулчлалын компаниудтай урьдчилсан байдлаар тохиролцсон. Учир нь наадмын үеэр Монголд гадаадын жуулчид олноор ирнэ. Жуулчдыг долоо дугаар сарын 14-ныг хүртэл нийслэлд байлгаад, 14-нөөс хойш орон нутаг руу чиглүүлэх зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Тиймээс АСЕМ-ын үеэр төлөөлөгчид, гадны жуулчид, Монголын иргэд ихээр цугларч замын хөдөлгөөнд саад учрах нь гайгүй болов уу гэж найдаж байгаа.

-АСЕМ-ын уулзалтад оролцох улс орны тоог нарийвчлан өгнө үү?

-АСЕМ нь 53 улсыг нэгтгэсэн албан бус олон улсын үйл явц. Европын 31, Азийн 20, мөн хоёр олон улсын байгууллагын нийлсэн 53 гишүүн ирнэ.

Энд хэлэхэд АСЕМ-ын мэдээллийн төв ирэх сарын 1-нд Монцамэ агентлагийн хэвлэлийн төвд нээгдэнэ. Энэ мэдээллийн төвөөр зөвхөн сэтгүүлчдээс гадна энгийн иргэд АСЕМ-ын бүх мэдээллийг авах боломжтой.

-АСЕМ-ыг угтсан хэчнээн арга хэмжээ болох вэ. АСЕМ-ын зочдыг тэмээн цуваагаар угтана гэсэн мэдээлэл байна?

-АСЕМ-ын өмнө есөн арга хэмжээ зохион байгуулагдана. Эхний арга хэмжээ нь дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. АСЕМ-ын парламент зочдын уулзалт болно. Сангийн сайд, сэтгүүлчдийн уулзалт, бизнес болон иргэний форум гэх мэтчилэн сар бүр АСЕМ-ыг угтсан арга хэмжээ зохион байгуулна. Энэ дунд Монголынхоо түүх соёлыг илтгэсэн урлагийн арга хэмжээг ч оруулна. Ялангуяа АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр урлагийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн энэ үеэр тэмдэглэх гол ажил нь АСЕМ-ын 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэхээр ярьж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагууд урлагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж байгаа. Тэмцээн цуваагаар зочдыг угтаж авах асуудал огт байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл байна.

-АСЕМ-ын үеэр ажиллах хэлмэрчдийг хэрхэн бэлтгэж байна вэ. Өндөр цалин амласан гэх мэдээлэл бий?

АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах төсвөөс тодорхой хүмүүсийг гадаадад техникийн тусламжаар бэлтгэж байгаа. Өндөр цалин авахгүй.

-“АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ. Шугам хагарч, их хэмжээний ус алдсанаас ажил удааширсан гэх мэдээлэл үнэн үү?

-Хотхоны бүтээн байгуулалтын ажил ахицтай явж байгаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс тавдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгнө гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Шугам сүлжээ хагарсан, ус алдсан зүйл байхгүй.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна