Энэтхэгт үймээн дэгдсэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгт үймээн дэгдсэн шалтгаан

 

Энэтхэгийн Дели хотын хойд хэсэгт орших Харьяна мужид үймээн дэгдэж, 15 хүн амь үрэгдээд байна. Жагсагчид Дели хотыг ундны усаар хангадаг гол сувгийг гэмтээж хааснаас  10 сая хүн уух усгүй болсон юм. Автозамыг хаан дэлгүүр, төрийн албадын байрыг галдан шатаан танхайрч буй залуусыг дарахын тулд 5000 орчим цагдаа, цэргийнхэн дайчлагджээ. Харьяна мужид шөнийн цагаар хөл хорио тогтоосон төдийгүй буун дуу гарсан гарсан байна.

 

Энэхүү үймээн самууны гол шалтгаан нь залууст ажлын байр хүрэлцээгүй байгаад оршиж байна. Хэдийгээр Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 7.3 хувьд хүрч дэлхийн хүчирхэг зах зээлүүдийг тэргүүлэх болсон ч ажилгүйдлийн түвшин өндөр байгаа аж. Энэтхэг улсын 25-аас доош насны залуусын тоо АНУ, Бразидийн нийт хүн амыг нийлүүлснээс ч их юм. Гэвч нийгмийн давхаргын ялгаа, кастын системийн квот зэргээс үүдэн олон сая залуус тогтвортой ажлын байраар хангадаж чаддаггүй  байна. Статистикийн мэдээгээр Энэтхэгт 2014 оны зургадугаар сараас 2015 оны зургадугаар сарын хооронд найман салбарт 296 мянган ажлын байр шинээр бий болсон хэмээн хөдөлмөрийн хэлтсээс мэдээлжээ. Гэвч Энэтхэгт сар бүр нэг сая орчим хүн ажилчдын эгнээнд шилждэг хурдыг гүйцэхгүй байна.

 

Жагсаал тэмцлийг эхлүүлсэн жат нийгмийн давхаргынхан нь их хэмжээний газар эзэмшиж, фермер явуулдаг хүмүүс байдаг аж. Гэвч цаг уурын шалтгаантай ургац алдах нь элбэг, хөдөө аж ахуйн салбарын орлого бага зэргээс үүдэн залуус өөр ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэх болжээ. Иймээс тэд засгийн газраас төрийн их сургууль, коллежид элсэн суралцаж, тогтвортой ажлын байраар хангагдах нөхцөл боломжийг нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна. Харьяна мужийн хүн амын 30 хувийг жат нийгмийн давхаргынхан эзэлдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж