Дугуйн зам 30 км-ээр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Дугуйн зам 30 км-ээр нэмэгдэнэ

“МЗХ”-ны байранд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг өнөөдөр болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт хөгжингүй орнууд унадаг дугуйн хэрэглээг зах замбараагүй өсөн нэмэгдэж буй шигүү хотжилт, төвлөрлийн толгойн өвчин болсон замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн хот төлөвлөлтийн хувьд унадаг дугуйгаараа ажил руугаа явдаг, гэртээ ирэхдээ түгжрэлгүй харих тал дээр анхаарч Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо зэрэг олон байгууллагууд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйн зам барихаар болжээ. 

Манай улсын хувьд унадаг дугуйн хэрэглээ 30 мянгад хүрсэн бөгөөд унадаг дугуй хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг судлахад Унадаг дугуй зам, Унадаг дугуйн хулгай, Унадаг дугуйн зогсоол гэх мэт асуудлууд эхний гуравт жагссан байна. Хэлэлцүүлэгт оролцсон дугуйчдын хувьд нэн тэргүүний тулгамдсан  асуудал  нь дугуйн зам бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын харьцаа хандлага ч чухал болохыг онцоллоо. Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй дугуйчид зориулалтын малгай өмсөж хэвшихийг уриалсан юм.

Мөн энэ үеэр хөндөгдсөн томоохон асуудлын нэг нь унадаг дугуйн замын асуудал байсан бөгөөд уг төслийн хүрээнд 2013-2015 онд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг есөн газар 45.9 км дугуйн замтай болсон бол Концессийн гэрээгээр 2016 онд баригдах долоон замын хоёр нь дугуйн замтай баригдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрвээ  уг төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл энэ онд 30 орчим км дугуйн зам нэмэгдэх нь. Мөн Авто замчин залуучуудын холбоо  явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Уулзалтын үр дүнд залуучууд нэгдэж өөрсдийн боломж бололцоогоор дугуйн жишиг замтай болох, унадаг дугуйг Гаалийн татвараас чөлөөлөх мөн банкны лизинг бууруулах гэх мэт саналууд гарсан бөгөөд саналуудын нэгтгэн 2016 онд хэрэгжүүлэх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгах юм байна. Мөн зам тээврийн хөгжлийн төвөөс стандарт шинэчлэн боловсруулах ажлын гэрээг байгуулж “Унадаг дугуйн зам барих, Техникийн ерөнхий шаардлага’’ MNS 5683:2006 стандартын төслийг МАЗЗХолбооны гишүүдээс ажлын хэсэг гарган энэхүү стандартыг шинэчлэн боловсруулж байгаа ба энэ онд хоёр га газар, 14,3 км зам барих юм.

Уг төслийн хүрээнд унадаг дугуйчид, дугуй сонирхогч залуусаа нэгтгэсэн долоон удаагийн парад болж нийт 6000 орчим дугуйчид оролцож байжээ.

Я.ТӨМӨР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж