Хотын өмхийд 8.1 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Хотын өмхийд 8.1 тэрбумыг зарцуулна

Утаатай өдрүүд холдож урины цагийн “үнэр”-тээ улаанбаатарчууд “согтох” улирал айсуй. Төв цэвэрлэх байгууламжийн хамар сэтлэм эвгүй үнэрт Улаанбаатарын хамгийн том тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарсан  үнэр тухайн цэгээс 14 километрийн бүст үнэртэж буйг хотынхон тогтоожээ. Иймээс улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөгийн өртөг гаргаж, цэвэрлэх байгууламжийн лагийн өмхий үнэрийг дарах, эвдэрсэн инженерийн байгууламжийг засч, шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Ирэх зургадугаар сарын 10-ны өдөр гэхэд хот өмхий үнэргүй болно гэж нийслэлийн удирдлагууд амлалт өгч байгаа. Энэхүү амлалтаа биелүүлэхээр төв цэвэрлэх байгууламжийн дэргэдэх 15 га газарт хатаахаар цуглуулсан хур лагийг үнэргүй, аюулгүй болгох төслийг хэрэгжүүлэх юм. Лагийг үнэргүй болгохдоо бохир ус цэвэрлэх конвери дээр усгүйжүүлэх нэмэлт төхөөрөмжийг суулгахаар болсон байна. Чийгтэй лагаас өмхий үнэртдэг, хуурай болчихвол одоогийн өмхий үнэр дор хаяж 50-60 хувиар буурна гэж инженерүүд үзээд ийм технологийг сонгожээ.

Хуримтлагдсан болон өдөр тутам ялгарах лагийг хурдан хатаах төхөөрөмж ашиглахаас гадна  лагийг уснаас ялгах найрлага бүхий хоргүй химийн бодисыг давхар ашиглах нь ээ. Одоо хотын ерөнхий менежер ямар компани, хэдий хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэх вэ гэдгийг шийдэж, бохирын үнэрийг дарах ажлыг хянан хийлгэх юм байна. Эхлээд эвгүй үнэрээ дарна. Дараа нь бохироос ялгарах лагийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ хотынхон шийдэхээр тооцсон байна. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лаг өөх тос ихтэй учир газ, хийн түлш үйлдвэрлэхээс эхлээд ашигтай түүхий эд болохыг Э.Бат-Эрдэнэ орлогч тодотголоо.

8.1 тэрбумын өртгөөр хийгдэх өмхий үнэрийг дарах, эвдэрсэн инженерийн шугам сүлжээг засах ажил зөвхөн өмхийгөөр утсан цэвэрлэх байгууламжийг түр аргацаах хэлбэр юм байна. Хөрөнгө оруулалтын газар тусдаа 900 тэрбум төгрөгөөр босох шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг концессын гэрээгээр шийдэхээр ажиллаж байгаа юм. Ойрын хугацаанд өөрийн хөрөнгөө гаргаад барих компани нь шалгараад, богино жил цэвэрлэх байгууламжийн барилгаа бариад ашиглалтад өгсний дараа нь л монголчууд хэсэгтээ бохирын асуудалдаа санаа зовохгүй суух боломжтойг Э.Бат-Эрдэнэ орлогч онцолсон юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж