Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ онд тогтвортой байна

2016 оны 2 сарын 23

Бид энэ удаагийн ярилцлагаар ноён долларын огцом өсөлтийн учир шалтгааныг тодруулахаар Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаатай ярилцлаа.


-Ярилцлагаа маш энгийн асуултаар эхэлье. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэж юу вэ?

-Нээлттэй эдийн засаг бүхий, уян хатан ханшийн тогтолцоотой манай улсад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зах зээлийн зарчмаар буюу эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Энгийн иргэдийн дунд ханшийг хэн нэгэн этгээд тогтоодог юм шиг буруу ойлголт түгээмэл байдаг л даа. Гэтэл аливаа нэг улсын валютын ханш гэдэг бол тухайн улсын валютыг худалдаж авахад төлж буй үнэ гэдэг утгаараа бараа, үйлчилгээний үнэтэй яг ижил ойлголт. Үүнийг энгийнээр тайлбарлавал, аливаа бүтээгдэхүүн зах зээлд ховор болж эхлэх үед үнэ нь өсч, харин элбэгших үед үнэ нь буурдагтай адил зарчим валютын захад үйлчилж байдаг. Тэгэхээр валютын захын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг бүхий л хүчин зүйлс валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлдөг гэсэн үг.

-Банкуудын ам.доллар зарах ханш 2034 төгрөгт хүрээд байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш яагаад ийнхүү сулрах болсныг тайлбарлахгүй юу?

-Гадаад, дотоод олон хүчин зүйлсийн нөлөөллийг ярьж болно. Жишээлбэл, жил бүрийн 1, 2 дугаар сард Цагаан сар, баяр ёслолын бэлтгэлтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшид түр зуурын хэлбэлзэл бий болох хандлага ажиглагдсаар ирсэн. Уг нөлөөлөл энэ жил мөн давтагдаж, банкуудын дуудлага худалдаагаар худалдан авах ам.долларын захиалгын хэмжээ 2016 оны 1 дүгээр сард гэхэд 300 сая ам.долларт хүрч, өмнөх сараас 2.2 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, валютын зах дахь богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханшид сулрах дарамтыг үзүүлсэн юм. Гэвч энэ нөхцөлд Монголбанкнаас валютын зах дахь оролцоогоо хадгалж, оны эхнээс өнөөдрийн байдлаар 280 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт өмнөх оны мөн үед 85 төгрөг буюу 4.5 хувиар сулраад байсан бол одоогоор оны эхнээс дөнгөж 33 төгрөг буюу 1.7 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг валютын ханшийн хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Энэ талаар тодорхой, ойлгомжтой хэлж өгөөч.

-Маш чухал асуулт байна. Гадаад худалдаа давамгайлсан буюу гадаад худалдааны нийт эргэлт нь эдийн засгийн хэмжээтэйгээ ойролцоо дүнтэй манай улсын хувьд эдийн засгийн бараг бүх үзүүлэлтэд гадаад орчны нөлөө өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, бид ханшийн хэлбэлзлийн суурь шалтгааныг ярихын тулд гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсийн өөрчлөлтийг харах шаардлагатай болдог. Төлбөрийн тэнцэл гэдэг нь энгийнээр манайд гаднаас орж ирсэн валют, гадагш гаргасан валютаас хэдий хэмжээгээр илүү буюу ашигтай байгааг илэрхийлсэн үзүүлэлт юм. 2012 онд Оюутолгойн төслийн бүтээн байгуулалт, Чингис бондын эх үүсвэр зэргээс шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэл 1,705 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2013 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, экспортын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унаснаар -1,867 сая ам.долларын алдагдалтай болж огцом муудсан. Энэ нь төлбөрийн тэнцэлд гарсан маш том шок байсан гэж хэлж болно. Харин сүүлийн хоёр жилд уг алдагдал -471 сая ам.доллар, -268.1 сая ам.доллар болж сайжирсан ч төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа нь эдийн засагт орж ирснээс илүү их валют гадагшилж, урт хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сулрах дарамт учирч ирснийг харуулж байна.

-Он гарснаас хойш хөрш 2 орны эдийн засгийн үзүүлэлт тийм ч таатай байсангүй. Сайн мэдээ дуулгалгүй удлаа шүү дээ. Мөн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр уналтад ороод байгаа үед манай улстай адил уул уурхай түшиглэсэн эдийн засагтай улс орнуудад ханшийн хөдөлгөөн яаж мэдрэгддэг вэ?

-Дэлхийн түүхий эдийн гол хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн  10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч саармагжсан. Үүнээс улбаалан Монгол Улсад орж ирэх валютын ихэнх хувийг бүрдүүлдэг зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ олон улсын зах зээл дээр унаж, уг түвшнээс сэргэхгүй байгаа нь манайх шиг уул уурхайд суурилсан эдийн засагтай улсуудын хувьд томоохон хүндрэл болоод байна. Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэршүүлсэн зэсийн үнэ 20%, коксжих нүүрсний үнэ 29%, төмрийн хүдрийн үнэ 30%-иар тус тус буурчээ. Энэ нь манай улсаар зогсохгүй бусад түүхий эдийн экпортод түшиглэсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай хөгжиж буй улсуудын экспортын орлогод сөргөөр нөлөөлж, улмаар гадаад худалдааны тэнцлийг бууруулснаар валютын захад нь ам.долларын хомсдолыг бий болгож байна. Тухайлбал, Казакстан, Киргыз, Укбекстан зэрэг улсуудын үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг нэлээдгүй хувиар суларч байна. Түүнчлэн энэ жагсаалтад нефтийн үнийн бууралт, эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж ихээхэн хохирол амсаж буй манай хойд хөрш ОХУ ч багтана.

Мөн 2016 оны хувьд өмнөх жилүүдээс нэлээд онцлог жил гарсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Учир нь АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас өнгөрсөн оны 12 сард 2008 оны хямралаас хойш 7 жилийн турш өөрчлөөгүй байсан бодлогын хүүгээ өсгөсөн ба цаашид ч шат дараатай нэмэгдүүлэхээ зарласан. Үүний үр дүнд хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас хөгжингүй улсыг чиглэх хандлагатай болж, ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарсныг шинжээчид онцолж байна. Манай төгрөгийн хувьд дэлхийн валютын зах зээл дээр арилжаалагддаггүй тул бусад голлох валют шиг ам.долларын ханшийн чангаралт шууд нөлөөлөхгүй боловч хөгжиж буй орнуудын адилаар гадаад валютын орох, гарах урсгалаар дамжин, дотоод эдийн засагт шууд бусаар нөлөө үзүүлж байна.

-Биднээс үл хамааран гадаад орчны нөлөөлөл таагүй байгааг мэдлээ. Тэгвэл дотооддоо манайх Улсын төсөвт төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан. Монголбанкнаас ханшийг 2030 төгрөг дээр барьж болдоггүй юм уу?

-Монголбанк бол Засгийн газраас хараат бус байгууллага. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг таамаглах нь бодит байдал дээр тэр бүр оновчтой байдаггүй. Манай нөхцөлд ханшийг тогтмол барих гэж оролдох нь валютын нөөцийг шавхах, зах зээлийн хуулиар бодит эдийн засагт тохиргоо хийх механизмыг алдагдуулах маш муу үр дагавартай. Тийм ч учраас Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталсаар ирсэн. 2013 оноос эхэлсэн төлбөрийн тэнцлийн хүндрэлийн бодит эдийн засаг дахь нөлөөллийг бууруулж, эдийн засагт суурь тохиргоо хийгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монголбанкнаас уян хатан ханшийн бодлогыг баримталж ажилласан. Үүний үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 онд 19.2 хувь, 2014 онд 13.8 хувь, 2015 онд 5.7 хувиар тус тус аажим сулруулсан, 2014, 2015 оны жилийн статистикаас харвал импорт танагдаж, урсгал тэнцлийн алдагдал харгалзан 56%, 61%-иар, нийт төлбөрийн тэнцлийн алдагдал харгалзан 87%, 20%-иар буурсан эерэг дүр зураг гарсан. Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш суларсан нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн суурь тохиргоог хийхэд чухал ач холбогдолтой байсныг дурдах хэрэгтэй болов уу.

-Валютын ханшийн өсөлтийн эсрэг Төв банк юу ч хийхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Төв банкны зүгээс энэ талаар хэр анхаарч байна вэ?

-Валютын ханш макро эдийн засгийн суурь үзүүлэлттэй нийцтэй, уян хатан тогтоно гэсэн байр суурийг Монголбанк баримталж ажилладаг. Иймээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан валютын ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож, арга хэмжээ авсаар ирлээ. Дээр дурдсанчлан өнөөдрийн байдлаар оны эхнээс гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 280 гаруй сая ам.доллар нийлүүлж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх төгрөг, ам.долларын своп хэлцлүүдийг идэвхтэй байгуулж ирсэн. Цаашид ч Монголбанкнаас валютын захад огцом хэлбэлзэл үүссэн тохиолдол савлагааг зөөлрүүлэх чиглэлээр валютын зах дахь оролцоогоо хадгалах болно.

-Цаашдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-Энэ онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна гэсэн нааштай хүлээлттэй байна. Түүнчлэн Засгийн газраас ойрын хугацаанд 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.долларын хөрөнгө олон улсын зах зээл дээр гаргахаар ажиллаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Уг хөрөнгийг амжилттай босгосноор зах зээлийн хүлээлт, хөрөнгө оруулагчдын хандлагад таатай нөлөө үзүүлнэ гэж бид харж байна. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ онд харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна