Ерөнхийлөгчид бүтээлээ танилцуулав

2016 оны 2 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчид “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг танилцуулав

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ.

“Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн 3 боть нэвтэрхий толийн эхний ботид Монгол нутагт хүн бий болсноос эхлэн Монголын анхны төрт улс болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хиргис болон Юань, Алтан орд, Хөх орд зэрэг Чингис хааны үе удмынхны захирч ирсэн улсууд, манжинй эрхшээлд байсан үе, 1921 оны хувьсгалын дараах үеийн Монгол орны ахуй амьдрал, Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлог, уламжлал, боловсрол, соёл зэрэг 2015 оны төгсгөл хүртэлх он дарааллын бичиг, хүүхэд залуусын зайлшгүй мэдвэл зохих танин мэдэхүйн ойлголтуудыг тусгажээ.

Хоёр дахь ботид монголчуудын гэр, орон сууцны түүхэн уламжлал, гэр, сууцны хийц маяг, үйл урлал, хувцас хэрэглэлийн уламжлал, монгол хувцасны төрөл, монгол гэр бүл, овог, ураг, садан төрөл, угийн бичиг хөтлөх арга, үндэстэн ястнуудын байршил, ахуй, зан заншил, шашин, уламжлалт идээ, ундаа, монголчуудын тэнгэр хангай шинжих уламжлал, газар тариалан эрхэлж ирсэн уламжлал, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил зэргийг багтаажээ.

Гуравдугаар ботид дэлхийн тухай эртний хүмүүсийн төсөөлөл, дэлхийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, хөдөлгөөн, дэлхийн далайнууд, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүх, тархалт, өсөлт, угсааны бүтэц, олон улсын байгууллагууд, дэлхийн алдартай их сургуулиуд, номын сан, театр, музей, барилга, байгууламж, хотууд, ертөнцийн ба дэлхийн долоон гайхамшиг, алдар цуутай хүмүүс зэргийг багтаасан байна.

Одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Монголын хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хэмээх 3 боть номыг “Миний эх орон Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхийн хүн төрөлхтөн” гэсэн нэртэйгээр тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсныг редакцийн зөвлөлийн гишүүд дурдаж, өнгөрсөн хугацаанд гарсан нийгэм, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг шинэ ботид тусгасныг хэллээ. Ботийг бүтээхэд шилдэг олон эрдэмтэд, зураачид, зохиолчид  хүч хөдөлмөрөө зориулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ботийг бүтээгчдэд баяр хүргээд уг бүтээлийг бүх шатны сургуулиудын номын санд хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нийгмийн өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор гучин жил тутамд нэвтэрхий толийг шинэчилж байх нь зөв гэсэн юм.




 

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна