Г.Баярсайхан: Хөдөлмөрлөх хүсэлтэй залуусыг бүхий л талаар дэмжинэ

2016 оны 2 сарын 23

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Барилгын политехник коллежид болсон Залуучуудын хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр хангах, гарааны дэмжлэг үзүүлэх ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм.

Хөдөлмөрийн яамнаас энэ онд хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дүүргийнхээ залуусыг хамруулах тал дээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс онцгой анхаарч ажиллажээ. Тэд Барилгын политехник коллежийн төгсөх ангийн сурагчдыг, энэ хөтөлбөрт бүлэг болгон сургалтад хамруулж, эзэмшсэн мэргэжлээрээ бизнес эрхлэхэд нь гарааны дэмжлэг үзүүлж бүлэг тус бүрт 10 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгснөө гардуулсан юм. Сурагчид сурч буй мэргэжлээрээ мужаан, засал чимэглэл, өрлөг угсралт, гагнуур, цахилгаан гэсэн бүлэгт хуваагдаж, сургалтад хамрагдсанаар бие даан бизнес эрхлэх бүхий л талын мэдээллийг авч чадсан гэнэ. Ур чадвартай, мэдлэг мэдээлэлтэй болсон залууст ажиллахад нь зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр гарааны дэмжлэг үзүүлснээр төгсөгчдийг ажлын байраар хангах ажилд том дэмжлэг болж буйг Барилгын политехник коллежийн багш нар онцолж байсан.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 12.1, 16.1 заалтыг үндэслэн залуучууд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийг байнгын ажлын байртай болох, бизнесийн эхлэл, санаачилгаа хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнуудад хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хөтөлбөрт 35 хүртэлх насны залуучууд, оюутан, төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг тухайн онд төгсөгчдийг хамруулахаар заасан. Хөтөлбөрийг залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах, залуучууд, оюутныг нийтийг хамарсан ажилд зохион байгуулалттайгаар хамруулах гэсэн хэлбэрээр хэрэгжүүлж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: http://www.zasag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна