Ахмад тариаланчийнд Оросын консул зочлов

2016 оны 2 сарын 23

Сэтгүүлч:
Дархан- Уул

Монголын хөдөө аж ахуй, газар тариаланд төдийгүй хөрш Орос орны хил орчмын бүс нутгийн хүн зонд Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн газрын даргаар олон  жил ажилласнаараа танигдсан,  Буриад Улсын  Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Бадарч гуайн гэрт,  Оросын Холбооны Улсын ерөнхий консул А.Ц.Доржиев  очиж  хүндэтгэл  үзүүллээ.  

Д.Бадарч гуай залуу халуун наснаасаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалантай амьдралаа холбожээ. Тэрбээр Монголын хойд бүсийн хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг Орос ах нарын үлгэр жишээгээр нэвтрүүлж, мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны тариалалтанд хоёр улсын хамтын  ажиллагааг  бэхжүүлэхэд  их хувь нэмэр оруулсан хүн. Оросын Холбооны Улсын  Ерөнхий консул А.Ц.Доржиев, Бадарч гуайн гэр бүлд сайн сайханыг ерөөн орос хэл дээр хэвлэгдсэн шинэ номын дээжээс  бэлэглэв. “Монгол Буриадын хамтын ажилагаа”, “Монгол оронд ирж ажилласан Орос хүмүүс” гэсэн ном  хүлээж авсан ахмад тариаланч  баярласнаа илэрхийлэв. Ахмад тариаланч хөрсний үржил шимийг орчин үеийн ололтыг нэвтрүүлэн сайжруулж өндөр үр  өгөөжтөй шинэ сортуудыг тариалсанаар, нэг га талбайгаас илүү арвин ургац хурааж авах шаардлагатай байгааг залуу мэргэжилтнүүдэд  зөвөллөө. Бадарч гуай гал мичин жилээ, Орос, Монголын хил орчмын ард түмний уламжлалт найрамдал, хамтын  ажиллагааний олон  сайхан  дурсамжийг  багтаасан “Эв модны наадам” ном бүтээн уншигчиддаа өргөн  барьж  угтжээ. Тэрбээр гэрт нь зочилсон Оросын Холбооны Улсын Ерөнхий консул  Доржиевт, өөрийнхөө туурвисан “Эргэлт  авчирсан он  жилүүд”  номон дээрээ дурсгалын үгээ бичиж бэлгийн дээд хэмээн өргөн барив. Энэ жил Монгол, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт  95 жилийн ой тохиож байгааг Бадарч гуайн гэр бүлд Ерөнхий консул онцлон дуулгаж эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөлөө. 

Ө.Рагчаасүрэн

Дархан-Уул

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна