“Би УИХ-ын гишүүн болмоор байна”

2016 оны 2 сарын 24

-Улс төр гэдэг хошин шогийн үзэгч байсаар байх уу-

Мэдээж өөрийн мэдлэг, чадал, авьяасаа ойлгож мэдрэн, төрийг засахад хэрэгтэй хүн гэж үзсэн хүн бүр сонгуульд өрсөлдөх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тиймээс бүрэн эрхээ эдэлж, болохгүй байгаа зүйлийг олж харан, засч залруулъя гэж байгаа эдгээр хүний иргэний зоригийг бусад нь үнэлэх хэрэгтэй. Тэдэнд байгаа мэдлэг, чадвар, авъяас төр барьж байгаа хүмүүсийнхтэй ижил төдийгүй давуу байж чадах юм гэж бодсондоо сонголтоо хийж байгаа хэрэг. Тэднийг элдвээр гоочилж, амны зугаа болгохын оронд төрийн босго намдаж, хэнбугай нь ч даваад алхаад орчихдог диваажингийн орон гэж ойлготол төр давжаарсан хэрэг гэдэг талаас нь бодож үзье.

Дөрвөн жилийн давтамжтай эргэдэг сонгуулийн цикл эхэлжээ. 2000 оны эхэн үетэй харьцуулвал сонгуулийн сурталчилгааны хугацаа богиноссон учраас өөрийгөө олонд таниулах гэсэн хүсэлтэй эрхмүүдээр нийгмийн сүлжээ хахаж байна. Хэвлэлийнхэн үүнийг сонгуулийн синдром ч гэж бас нэрлэдэг. Ээлжит сонгуулийн синдром болгоноор “дур дураа голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдгийг бодогдуулам нөхдүүд улс төрийг дайлаар мордох болсоноо зарладаг. Сүүлийн өдрүүдэд ийм сайн дурын нэр дэвшигчид олны амны зугаа болж байна.

Цагтаа Монголын парламентын сөрөг хүчний билэг тэмдэг болж явсан “Ард түмнээ хайрлая” намын тэргүүн Л.Гүндалай, олон “салаа хэл”-тэй Арго багш, хамгийн сүүлд дуучин Нара эдгээр жагсаалтад багтаж олны нүдийг хужирлаж байна. Мэдээж эднээс гадна одоо эрх мэдэл, албан тушаалтай байгаа эрхмүүд телевизийн дэлгэц, сайтын нүүрэнд гарах өчүүхэн боломж бүрийг алдалгүй ашиглаж явна. Бас нэг бүлэг хүн нь улс төрд хэзээ нэгэн цагт байсан, эсвэл энэ хавьцаа эргэлддэг, бас төрийн хурган дарга хийж үзсэн эрхмүүд бас жагсаалтад байна.

Мэдээж өөрийн мэдлэг, чадал, авьяасаа ойлгож мэдрэн, төрийг засахад хэрэгтэй хүн гэж үзсэн хүн бүр сонгуульд өрсөлдөх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тиймээс бүрэн эрхээ эдэлж, болохгүй байгаа зүйлийг олж харан, засч залруулъя гэж байгаа эдгээр хүний иргэний зоригийг бусад нь үнэлэх хэрэгтэй. Тэдэнд байгаа мэдлэг, чадвар, авъяас төр барьж байгаа хүмүүсийнхтэй ижил төдийгүй давуу байж чадах юм гэж бодсондоо сонголтоо хийж байгаа хэрэг. Тэднийг элдвээр гоочилж, амны зугаа болгохын оронд төрийн босго намдаж, хэнбугай нь ч даваад алхаад орчихдог диваажингийн орон гэж ойлготол төр давжаарсан хэрэг гэдэг талаас нь бодож үзье.

Гэхдээ төр зүгээр байж байгаад давжаарчихаж байгаа хэрэг биш. Төр түшилцэж байгаа эрхмүүд дур нь байвч өөрөө өөрийгөө сонгож чадахгүй. Тэднийг бид сонгож төрийн жолоо атгуулсан. Өнөөдөр Гүндалайг, Аргог, Нараг элдэвлэж байгаа та бид л одоо муучлах үгээ олж ядаад байгаа хүмүүсийг сонгон эрх мэдэл олгосон шүү дээ. Дөрвөн жилд нэг болдог парламентын сонгууль гэдэг үгнийхээ учрыг олж, сонголтоо хийх ёстой гэдгийг ойлгодог нь хэр байна вэ? Хаалга тогшин өрхүүдээр тараадаг нэр дэвшигчийн мөнгөө заран байж хэвлүүлсэн мөрийн хөтөлбөрийг уншдаг нь хэд вэ? Үнэндээ сонгогчийн боловсрол гэдэг зүйл Монголд ус, агаар мэт хэрэгтэй байна. Ардчилсан намын угшлын Сонгогчийн боловсрол төв гэдэг байгууллага сонсогддог байсан, тэр байгууллагыг олон жил удирдсан Р.Бурмаа төрийн өндөр босгыг даван ирсэнээс хойш таг чиг болох шиг боллоо. Ганц мөнгө байгаад улс орон хөгждөггүй, үүний хажуугаар соён гэгээрүүлэх, ёс суртахууны үнэлэмжтэй болгох, хариуцлага хүлээдэг болох гэдэг ойлголтуудыг төрийн бодлогын хэмжээнд давхар авч явах ёстойг бүхий л амжилттай төрийн түүх нотолдог. Харамсалтай нь төрийн жолооноос алдарч одсон эдгээр үнэлэмжүүдийг улс төрийн нам өөр өөрийн эрх мэдлийг тэлэх хэрэгсэл болгон, тархи угаалтаар нийгмийг доройтуулж байгааг харж байна. Тийм ч учраас улс төрийн нам анхдагч уу, төр анхдагч уу гэж асуухаар хөл толгойгоо алджээ.

Ээлжит сонгууль болгоны өмнө улс төрийн намууд “хариуцлагатай, мэргэн сонголтын үе” ирсэнийг сануулдаг. Харин бодит байдал дээр сонголт ч хариуцлагагүй, оновчгүй, амлалт ч хариуцлагагүй, оновчгүй болсоныг ухаардаг. Дандаа ингэж харамссаар байх уу. Аль эсвэл өнөөдрөөс нийгэмшсэн хариуцлагатай иргэний хувиар сонголтоо хийх үү. Энэ хоёр асуултыг хариуг цаг зав гарган бодоорой. Үгүй бол бид улс төр гэдэг хошин шогийн үзэгч хэвээр байх болно.

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна