Ил болсон ДНБ-тэй тэнцэх хөрөнгө

2016 оны 2 сарын 24

Хийсвэр төсөөлөл:

-Ил тод байдлын хуульд хамрагдаж чадсангүй, уур хүрээд байна.

-Төрийн албан хаагч, цайны газраас өөр бизнесгүй чамд татвараас нуусан мөнгө байсан юм уу?

-Байхгүй.

-Тэгээд чи, бид хоёр юундаа уур хүрдэг юм.

-Хэрэвзээ хэдэн зуун сая төгрөгтэй гээд энэ хуульд хамрагдчихсан бол дараа нь тоншсон мөнгөө асуудалгүй гаргана биз дээ...

Ийм яриа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш бишгүй сонсогдов. Өөрт байхгүй. Ирээдүйд шударга бусаар, шуудхан хэлэхэд луйвраар олох мөнгөө урьдчилж хууль ёсны болгоно гэсэн үг.

Тэгвэл Монголд шударгаар бизнес хийх боломжгүйг гадаадад амжилттай явж буй нутаг нэгтнүүд маань өөрсдийн дампуурсан жишээгээр тайлбарлахыг оролддог. Тэд дампуураад буцаад гадагш гардаг. Товчхондоо Монголд эрүүл бус, мафийн систем үйлчилдэг болоод удаж буйг эдийн засагчид гэрчилдэг. Хүчний, хяналтын байгууллагыг ашиглаж өрсөлдөгчөө дарж авдаг. Өөртөө давуу байдал бий болгодог хамгийн эрүүл бус хууль Монголд үйлчилж буй хойно яалтай ч билээ. Үүнийг л үгүй хийхийн тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан.

Монголд ил болоод далд хоёр эдийн засаг бий. Гэхдээ ил нь илүү гэж бодож байсан ч үнэндээ үгүй байжээ. Далд эдийн засаг ямар хүчирхэгжсэн бэ гэдгийг энэ хууль харуулаад өглөө. Яг зүй ёсоороо уг хууль хэрэгжсэнээр гэмт хэргийн шинжтэй үйлчлэл үгүй болох ёстой. Харамсалтай нь энэ хуулийг дагаж гарах ёстой Татварын багц хуулиудыг хаврын чуулган хүртэл хүлээхээр боллоо. Хаврын чуулганаар ч батлах эсэх нь эргэлзээтэй юм.

Үүнээс өмнө яг ижил нэртэй биш ч үүнтэй агаар нэг Татварын өршөөлийн хууль 2008 онд хэрэгжсэн. Тухайн үед 5.6 их наяд хөрөнгийг ил болгосон аж. Түүнээс хойш долоон жилийн дараа дахин ил тод болгох хууль хэрэгжив.

Өнгөрсөн оноор дуусгавар болох ёстой байсан ч хугацааг нь энэ сарын 20 хүртэл сунгасан энэ хуулийн хэрэгжилтээр 20 их наядын ажил үйлчилгээ, хөрөнгө ил болжээ. Энэ нь манай ДНБ-ий 90 хувьтай тэнцэх дүн гэж албаны хүмүүс хэлж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ бараг хоёр дахин нэмэгдлээ гэсэн үг.

Долоохон жилийн дотор ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө далд хуримтлагджээ гээд бодохоор эдийн засаг маань хэрхэн мафижсан бэ гэдгийг гэрчлээд байна.

Ийм их хэмжээний мөнгийг нийтээрээ нууж байсан гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Хүн амд нь харьцуулбал цөөн тооны хүмүүст л байж. Хоёр жилийн өмнө гаргасан баялгийн тайлангаар, хүн амын нэг хувь хүрэхгүй баячуудын хөрөнгө ДНБ-ий 70 орчим хувийг эзэлж байна гэж онцолсон байсан. Үүнийг арай өөрөөр 200 гэр бүлийн гарт Монголын нийт хөрөнгийн 80 орчим хувь нь байна гээд байдаг нь оргүй бололтой.

Монголд орлогын тэгш бус байдал улам бүр алсарсаар буйн жишээ нь энэ. Гэтэл статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн тайланд тэгш бус байдлыг дараах байдалтай байна гэж дүгнэжээ.

Жини коэффицент нь 0,3-аас доош байх тусмаа тэгш бус байдал бага, түүнээс дээш байх тусам орлогын тэгш бус байдал их болдог аж. Энэ утгаар нь аваад үзвэл манайд орлогын тэгш бус байдал байхгүй гэсэн эерэг үзүүлэлттэй байх. Харин хэрэг дээрээ үгүй юмаа гэдгийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль харуулаад өглөө. Үүнийг бичигч хэлээд буй юм биш. Татварын ерөнхий газрын www.iltod.mta.mn сайтад тавьсан албан мэдээлэл нотолно. Тус сайтад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар 5785 тайлан ирснээс 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн гэдгийг мэдээлжээ.

Тэгвэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2015 онд нийт 62.4 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 23.7 мянга буюу 37.9 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байгаа аж. Бөөний болон жижиглэнгээр худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд их наядаар хэмжигдэх мөнгө ил болгох нь юу л бол.

Ийм болохоор шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгжүүд ч бухимдах нь аргагүй. Татвараа шударга, цаг тухайд нь төлдөг компаниудаа өргөмжлөл өгөхөөс өөрөөр харж үздэггүй хэрнээ төлдөггүйнх нь толгойг илээд байгаа мэт харагдах нь эргэлзээгүй.

Хэрэвзээ дараа дараагийн шатлалтай арга хэмжээг нь авахгүйгээр нуусан хөрөнгийг ил болгох төдийхнөөр ингээд орхивол дараагийн удаад бүгд татвараас хөрөнгөө нуухыг оролдох нь дамжиггүй. Ялангуяа долоон жилийн давтамжтай хууль гарсан учраас дараагийн хуульд гарна гэж найдаж суухыг үгүйсгэхгүй.

Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжсэнээр бүхэл бүтэн орон сууцны хотхон ил болоод зүгээр өнгөрч байхад татварын бага, сага асуудалтай аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг хамруулаагүй нь бас л нэг алдаа боллоо. Жирийн иргэдийнхээ анх удаа орон сууц авсаныхаа хариуд эдэлдэг татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ мөрдөн байцаалт явуулж, хулгайд сэрдэхдээ дөхдөг хэрнээ тэрбум тэрбумаар тооцогдох татвараас зугтсан орлогыг ил зүгээр өнгөрөөчихөж байгаа нь эхэнд гарсантай бодлыг эрхгүй төрүүлээд буй хэрэг.

Гэхдээ нөгөө талдаа энэ хууль хэрэгжиж эхэлснээр ойролцоогоор 100 орчим мянган аж ахуйн нэгж энэ зах зээлд орж ирнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Ингэснээр мэдээж хэрэг өрсөлдөөн бий болно. ДНБ-тэй дүйцэхүйц далд байсан мөнгө эдийн засаг эргэлтэд орно. Онцлог нь тэд бүгд нэг тайлан баланстай. Хөрөнгө нь бүгд албан ёсных болно гэсэн үг. Ингэж далд эдийн засгийг ил гаргаснаараа олон давуу талтай ч эрэмдэглэж орхивол бүр ч илүү аюул дагаж мэдэх нь.

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна