Их Британи: Европын холбоонд үлдэх үү, эс үлдэх үү?

2016 оны 2 сарын 24

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон тус улс Европын холбоонд /ЕХ/ байх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга энэ оны зургадугаар сарын 23-ны Пүрэв гаригт болно хэмээн өнгөрсөн Бямба гаригт зарлалаа. Үүний өмнөхөн Дэвид Камерон Брюссельд ЕХ-ны удирдлагатай яриа хэлэлцээ хийгээд ирсэн юм.

 

Бямба гаригийн өглөөжин Камерон кабинетийн гишүүдтэйгээ ЕХ-ноос гарах нөхцөл болзлын талаар хуралдсан. Энэ хуралдааны дараа ийнхүү Их Британид удаан хугацааны турш яригдаж байгаа асуудал болох ЕХ-ноос гарах санал асуулгын товыг зарлалаа.

 

Их Британи ЕХ-ноос гарч магадгүй гэсэн яриа өрнөөд гурав, дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа. Аль 2014 онд Германы канцлер Ангела Меркель Их Британи ЕХ-ноос гарч магадгүй гэсэн үгийг унагаж байсан юм.

 

Брюссельд өрнөсөн хүнд хэлэлцээний дараа дүнд Их Британи ЕХ дотор онцгой статустай байх тохиролцоонд хүрсэн, санал асуулга явагдахаас өмнө Их Британийг ЕХ-нд үлдээхийн төлөө кампанит ажил явуулна гэж Камерон мэдэгдсэн. Брюссельд болсон хоёр өдрийн хүнд хэлэлцээний дараа ЕХ Их Британид зарим нэг онцгой байдал, тухайлбал, цагаач болон дүрвэсгдэд арай бага хөнгөлөлт үзүүлэх тухай тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар ЕХ-ны гишүүн аль нэг орноос Их Британид ирсэн цагаач амьдрах байр, хүүхдүүдийн халамжийн мөнгө, зээлийн хөнгөлөлт хэлбэрээр нийгмийн халамж хүртэх эрхтэй юм. Харин шинэ тохиролцоогоор Их Британийн Засгийн газар энэ хөнгөлөлтийг ирсэн даруйд нь биш ер нь халамж үзүүлэх эсэхээ дөрвөн жилийн хугацаанд шийдэх болж байгаа аж.

 

Мөн хууль эрх зүй болон санхүүгийн салбарын зохицуулалтыг бие даан шийдвэрлэх эрхийг авч чадсан гэж Камерон мэдэгдсэн.

 

Бүх нийтийн санал асуулгын товыг зарласны дараагаас Засгийн газрын гишүүд энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх эрх нээгдэж байгаа юм. ЕХ-нд үлдэх Засгийн газрынхаа байр суурийг дэмжих үү, эсвэл холбооноос гарах иргэдийн саналыг дэмжих үү гэдгийг өөрсдөө шийдэх юм.

 

Дэвид Камерон санал асуулгын товыг зарласны дараахан Камероны ойрын хамтрагч Хууль зүйн сайд Майкл Гоув холбооноос гарахыг дэмжинэ гэсэн бол Засгийн газрын өөр нэг гишүүн консерваторуудын тэргүүн Иэйн Данкен Смит холбооноос гарах ёсгүй гэж байр сууриа илэрхийллээ. Мөн Лондон хотын Захирагч Борис Джонсон хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа учир нь Камерон Брюссельд тохирсон нөхцөлийн нарийн ширийнтэй танилцаагүй хэмээн хэлсэн боловч нэг хоногийн дараа Их Британи ЕХ-ноос гарахыг дэмжихээ мэдэгджээ.

 

Брюссельд тохирсон нөхцөлүүдийн заримаас дурдвал:

 

  • ЕХ-ны цагаачдын зарим эрхийг /дээр өгүүлсэн/ хязгаарлана. Энэ зохицуулалт нь дүрвэгсдийн давалгаа ихтэй байгаа 2017-2023 оны хооронд мөрдөгдөнө,

  • Цагаач иргэний ЕХ-ны бусад улсад үлдсэн хүүхдийн халамжийн мөнгийг тухайн орны амьдралын түвшнээр бодож олгоно,

  • ЕХ-ны доторх интеграцийг хөгжүүлэх аливаа арга хэмжээнээс Их Британи татлзана гэсэн өөрчлөлтийг холбооны дүрмэнд оруулах,

  • Еврозоны үйл ажиллагаанд оролцохгүй байгаагийн төлөө Их Британийн компаниудыг гадуурхагдахаас сэргийлэн өөрийн санхүүгийн зохицуулалтыг хийнэ.

 

Ийм хөнгөлөлтийг авсаны хариуд Их Британи мөн зарим буултыг ЕХ-нд хийжээ. Тухайлбал, Их Британид орж ирсэн цагаачийн ЕХ-ны бусад гишүүн улсад үлдсэн хүүхдүүдэд нь ямар ч халамжийн мөнгө олгохгүй гэж байснаа больсон, шинээр ирсэн цагаач иргэдэд халамж, хөнгөлөлт үзүүлэхгүй байх хугацааг анх 13 жил гэж байснаа долоо болгон богиносгосон ажээ.

Хэдийгээр Засгийн газар нь ЕХ-ноос гарахгүй байх кампанит ажил явуулна гэж байгаа ч англичууд зургадугаар сарын 23-нд юу гэж шийдэхийг одоо хэлэхэд эрт байна. Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарах юм бол энэ холбоо задарна гэж хэлэх хүн байна. Брюсселийн хэлэлцээ эхлэхийн өмнө ЕХ-ны Зөвлөлийн дарга Дональд Туск “шийдвэрлэх мөч тулж ирлээ” гээд “хэрвээ Их Британи холбоог орхих бол ЕХ задарна” гэсэн.

 

Харин Ерөнхий сайд Дэвид Камерон “Хэрвээ ЕХ-г орхивол манай эдийн засаг, аюулгүй байдал хамгаалалтгүй болно. Сонголт бидний гарт байна. Миний зөвлөмж ч ойлгомжтой. ЕХ-нд үлдсэнээр Британи аюулгүй байж, улам хүчирхэг болно” хэмээн Камерон сурталчилж байна. Гэхдээ Камерон Их Британийн мөнгөн тэмдэгт болох паундыг үнэгүйдэхээс хамгаалах, цагаач, дүрвэгсдийн асуудлыг чангатгах, үндэсний хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, Лондон Брюсселээс хараат бус байх гэсэн болзлуудыг тавьж ирсэн.

 

Бүх нийтийн санал асуулгыг ирэх 2017 оны сүүлчээр болно гэж яригдаж байсан ч ийнхүү хугацаа нь наашиллаа.

 

Өнгөрсөн 2015 онд явуулсан судалгаагаар британичуудын 51 хувь нь ЕХ-ноос гарахыг дэмжиж байгаа юм. Дүрвэгсдийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэнтэй холбоотойгоор британичуудын энэ бодол улам батжиж байх шиг байна хэмээн хэвлэлүүд нь бичиж байна. Лондон хотын Цагдаагийн газрын дүн мэдээгээр сүүлийн жилүүдэд лалын шашинтнуудыг эсэргүүцсэн шалтгаан бүхий гэмт хэрэг 70 хувиар өссөн байна.

 

Евро тивийн эх газраас усаар тусгаарлагдсан Их Британи өөрсдийгөө Европын нэг хэсэг гэдэг ч ямагт өөрсдийгөө онцгой гэдгийг тодотгож ирсэн. Эдийн засгийн хувьд ч гэсэн харьцангуй бие даасан, Европоос хараат бус гэж хэлж болохуйц эдийн засагтай. Тиймээс Их Британи ЕХ-ноос гарлаа гэхэд холбооны эдийн засагт цохилт болохгүй гэж зарим ажиглаг үзэж байна. Харин тус холбооны эдийн засгийн үндэс суурь болж байгаа Герман, Франц, Испани гарлаа гэвэл үнэхээр энэ холбоо нуран унах аюултай.

 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна