Шинэ үнэмлэх гартал шар үнэмлэхийг хураахгүй

2016 оны 2 сарын 24

Жолооны хуучин шар үнэмлэхийг энэ ондоо багтаан солих шаардлагатайг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. Гэхдээ цахим хэрэгслээр тархсан шиг ойрын хугацаанд  шар үнэмлэхээ саарал үнэмлэхээр солихгүй бол торгоно гэсэн ойлголт байхгүй. Жолооч нар өнөө маргаашдаа багтаж шар үнэмлэхээ солихгүй бол торгоно гэдэг мэдээлэл худал болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. 10 жилийн өмнөөс ашиглаж ирсэн жолооны үнэмлэхийг шинэчлэхгүй бол жолоо барих эрхгүй иргэд жолооч найзынхаа хуучин үнэмлэхийг ашиглаж, тухайн жолоочийн регистр, жолооны үнэмлэхийн дугаарыг цээжлээд замын хөдөлгөөнд оролцох тохиолдол нэмэгджээ.

Хуучин шар үнэмлэхээ солиулах бол иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа, хуучин шар үнэмлэхийн хуулбар, цээж зураг /3х4см/ нэг хувь, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг тушаасан баримт зэргийг бүрдүүлэх шаардлагатай. Үнэмлэхний үнийг Төрийн Банкны 900012408 тоот дансанд хүлээн авагч байгууллага нь ЦЕГ-ын Лицензийн төв байхаар тэмдэглэж тушаах юм. Шинэ үнэмлэх 14 хоногийн хугацаанд гарна. Мөн үнэмлэх хэвлэгдээд гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй. Тиймээс жолооч нар үнэмлэх нь хэвлэгдэж гарсны дараа шар үнэмлэхээ хураалгаад шинэ хүчин төгөлдөр үнэмлэхээ авах юм. Орон нутгийн иргэдийн хувьд тухайн орон нутгийнхаа замын цагдаагийн нэгжид хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас ЦЕГ-ын Лицензийн төвд тухайн материалуудыг хүргүүлнэ. Дараа нь Лицензийн төвөөс шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлэх юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна