Хугацаат цэргүүд шинэ байранд оржээ

2016 оны 2 сарын 24

 

УИХ, Засгийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны хоёрдугаар сарын 23-нд Зэвсэгт хүчний зарим ангид ажиллалаа. Ц.Цолмон сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан ажилласан юм. Сайдын тэргүүлсэн албаныхан Зэвсэгт хүчний дугаар ангийн "Тусгай хүчний сургалтын төв"-д ажилласан. Энэ төв нь Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, бүх нөхцлийг хангаж, тэдний бие бялдар,сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэхээр ажилладаг юм. Ангийн захирагчийн зүгээс өнгөрсөн жил хэд, хэдэн орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургууль амжилттай болсон тухайгаа онцлоод цаашид төвийг нь бэхжүүлэхэд салбарын зүгээс анхаарах ямар арга хэмжээ байгаа тухай дурьдаж байсан юм. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Зэвсэгт хүчний 015 дугаар ангид ажилласан. Ангийн хүндэт харуул салбарынхаа сайдыг ёслол төгөлдөр угтаж авсаны дараа ангийн үйл ажиллагаа, ололт амжилт, шийдвэрлэх асуудлыг нь сонсч, хугацаат цэргийн байраар зочилж, ажилтан алба хаагчидтай уулзсан юм. Энэ анги анги Зэвсэгт хүчний ууган ангийн нэг бөгөөд ирэх наймдугаар сард түүхт 95 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ангийн захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгч, штабын дарга дэд хурандаа Ц.Буянтогтох анги хамт олон нь үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тухай, ой угтсан олон бүтээлч ажил хийсэн тухай, хугацаат цэргийнхээ алба хаагчдын барилгыг шинэчилж чадсан тухай, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр 54 алба хаагчдаа хувийн газартай болгосон тухай, хэд хэдэн барилгаа засч шинэчилсэн тухай онцолсон. Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа ангийн үйл ажиллагаа, цар хүрээг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг Ц.Цолмон сайдад илэрхийлж байв. Үүний дараа ашиглалтад ороод удаагүй байгаа хугацаат цэргийн байраар зочилсон. Энэ ангид нийслэлийн 9 дүүрэг, найман аймгийн залуус хугацаат цэргийн албанд татагддаг байна. Цэргүүдийн байр 1937 онд ашиглалтад орсон, насжилт нь хэтэрсэн байсан учраас салбарынхаа удирдлагуудын дэмжлэгээр барилгаа цоо шинэ болгон засч чаджээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин залуус өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл буюу ердөө дөрөвхөн сарын хугацаанд энэ хуучин байрыг засч сайжруулан орчин үеийн барилга болгож хүлээлгэсэн өгсөн байна. Өдгөө хугацаат цэргүүд шаардлага хангасан, орчин үеийн байранд дулаахан, тав тухтайгаар албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа ажээ. 

 

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ангийн ажилтан, алба хаагчидтай уулзахдаа батлан хамгаалах салбарт өрнөж буй бүтээн байгуулалт, хууль эрх зүйн шинэчлэлүүд болоод цаашид авах арга хэмжээнийхээ тухай танилцуулсан. 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Одоо бидний өмнө “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тусгах ажил бидний өмнө бий. Түүнчлэн 2015 онд хамгийн олон алба хаагч орон сууцанд орж чадлаа. Цаашдаа алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах эрч хүч маань буурахгүй. Өнөөдөр манай цэргийнхэн өөрийн гэсэн орон сууц, байшин барилга авч чадалгүй албан тушаалын байранд амьдарч байгаад тэтгэвэрт гарах болохоор орон гэргүй болоод үлдэж байна. Цаашдаа ийм байж таарахгүй. Эх орныхоо төлөө, эр цэргийнхээ төлөө яваа ажилтан алба хаагчдынхаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлд нь анхаарна. Салбарын сайдын зүгээс алба хаагчдаа хувийн орон сууцтай болох, хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах талаас нь анхаарч, хэд хэдэн санал санаачлага хэрэгжүүлэхээр ажиллаж байна хэмээн онцолсон. Төгсгөлд нь эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүсээд эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, бүтээлч, санаачлагатай байхыг уриалсан юм.