Д.Батмөнх: Бонд авснаар гуравхан жилийн дотор 2283 км зам тавьж чадсан

2016 оны 2 сарын 24

Шинэчлэлийн Засгийн газарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнхтэй ярилцлаа. Тэрээр Чингис, Самурай бондыг босгоход гар бие оролцож явсан хүн юм.

-Таныг урьсан гол шалтгаан бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын үед Монгол Улс томоохон бонд гаргасан. Энэ бондтой холбоотой хэсгийг харж, дүр төрхийг зохион байгуулж бүх зүйлд нь оролцсон хүний хувьд олон хүний толгойд байгаа асуултад хариулмаар байгаа юм. Бонд авах бодит шаардлага юу байв. Хэзээ энийг бодож эхэлсэн бэ?

-1992-2012 онд Монгол Улсын Засгийн газрын өр хоёр тэрбум орчим ам.доллар байсан. Энэ нь дандаа хөнгөлттэй зээл байсан. Хөнгөлттэй зээл гэдэг маань 20-30 жилийн урт хугацаатай хүү багатай байдаг. Нөгөө талаас хөнгөлттэй зээл авч байгаа улсууд маань өөрийн хүссэн зүйлд, хүссэн салбартаа хөрөнгө оруулалт хийж зарцуулж чаддаггүй. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад нөхцөл байдал ямар байсан гэхээр Хүний хөгжил сан буюу баялгийн сангаас таараасан мөнгө хасах 1 их наяд төргөг байсан. Уг нь бол сан гэдэг маань санхүүгийн хувьд санхүүгийн утгаараа нэмэх тэмдэгтэй байх байтал урьдчилж олгоод тараагаад өгчихсөн байсан. Гадаад зах зээлд 110 доллараар зарж байсан нүүрсний үнэ хоёр дахин унасан, Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт ороод явчихсан ч эхний орлого нь орж ирээгүй байсан. Түүхий эдийн үнэ дэлхийн эдийн зах зээлд унах нь ойлгомжтой болсон үед л Засгийн газар байгуулагдсан. Хамтарч Шинэчлэлийн засгийн газар байгуулсны дараа аль аль намд нь мөрийн хөтөлбөр гэж байгаа тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бидэнд заавал санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. 2013 оны төсвийн эх үүсвэр нь тодорхойгүй, аль хэдийнэ 2012 оны төсвийн тодотгол нь яригдаад эхэлчихсэн угаасаа төсөв нь хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болчихсон, Төв банкны нөөц хоёр тэрбум орчим ам.доллар, гадаад худалдааны тэнцэл буюу гадаад улстай наймаа хийж байгаа алдагдал хоёр тэрбум ам.доллар болсон байсан. Энэ дүр зургийг 2013 онд харахад их хэцүү харагдаж байсан. 2011, 2012 онд өдөөгдсөн их хэрэглээг 2013 онд бид шууд зогсоож чадахгүй. Нөгөө талдаа төв банкны валютын нөөц багасаад ирэхээр ханш хаана очихыг таахад бэрх. Эргээд бид хөнгөлттэй зээл, урт хугацаатай зээлээ авъя гэхээр манай улс ядуу буурай орны зэрэглэлээс хөгжиж байгаа орны статуст шилжсэн байсан болохоор бэрхшээлтэй болсон. Бонд гэдэг маань компани өөрийнхөө төслийг танилцуулаад бид ийм зүйл хиймээр байна гээд банкнаас зээл авч байгаа шиг явдаг зүйл. Ямар ч байсан дэлхийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар анх удаа ядуу буурай орны хувиар гуйж биш бид ийм зүйл хийе, чадна гэж хэлээд 1,5 тэрбум ам.доллар зээлье гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол мэдээж УИХ-аар батлагдах ёстой. Анх батлагдахдаа таван тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн УИХ-ын тогтоол гарсан. Мэдээж бидэнд таван тэрбум ам.доллар бөөнд нь гаргах боломж байхгүй. Бонд гаргахдаа гадны том банкуудыг зөвлөгчөөр авдаг. Тэд анх 1.5-2 тэрбум долларын бонд гаргавал зохимжтой байдаг гэж зөвлөсөн. Тэгээд л 1.5 тэрбум долларын бонд гаргах шийдвэр гаргаад хийж бүтээх зүйлээ яриад хоёр багт хуваагдан ажилласан. Сангийн сайд азийн хэсгийг, Хонгконг Сингапуртай уулзаад Эдийн засгийн хөгжлийн сайд Төв банкны ерөнхийлөгч хоёр хамгийн гол цэг болох европ Америк руу явсан. Би Ч.Улаан сайдтай цуг азийн хэсэг дээр ажилласан. Тэгээд энэ бонд маань тухайн жилийн хамгийн сайн хүүтэй 4.1, 5.1 хувийн хүүтэй хамгийн сайн бондоор нэрлэгдээд анх удаа Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс зээл авсан. Нэг тэрбум нь 4.1 хувийн хүүтэй, 0.5 тэрбум нь 5.1 хувийн хүүтэй.

-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бонд босгож, дэлхийн зах зээлээс мөнгө олж ирж чаджээ. Тэгвэл бондоо яг ийм зүйлд зарцуулна гэдэг зарчим байгаагүй юм уу?

-Ер нь бол хоёр төрлийн бонд гарч байгаа. Төсвийн бонд гэж гарч байгаа. Энэ бол төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж бонд гарч байгаа. Эсвэл ирээдүйд нөхөж төлөгдөх хөгжлийн бондыг гаргасан. Бондоо гурван зүйлд зарцуулна гэж авсан. Нэгдүгээрт, дэд бүтэц буюу зам харилцаа. Яагаад гэхээр өнөөдөр Баян-Өлгий аймаг руу нэг ч хувийн компани зам тавихгүй. Тиймээс үүнийг улсын төсвөөс шийдэх юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт, улсын чанартай том төслүүдэд зарцуулна гэсэн. Энэ нь Оюутолгой, Тавантолгой, Эрчим хүчний станц гэх мэт. Гуравдугаарт, арилжааны зээл буюу аж ахуйн нэгжүүдийнхээ санхүүжүүлж чадахгүй байгаа аж үйлдвэрийн төслүүдэд хийнэ гэсэн зорилготой.

-1.5 тэрбум ам.долларын төдийг нь Азиас, төдийг нь европоос авсан гэж ялгаж болох уу?

-60 гаруй хувийг нь Лондонгоос, 40 орчим хувь нь Азиас авсан.

-Мөнгө босгоод ирсэн хойно санхүүжүүлэх төсөл нь бэлэн биш байна. Тиймээс төгрөг зах зээлд гаргаад явъя гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Үүнийг хэн гаргаж байв?

-Эдийн засгийн хүндрэлийг мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа Төвбанк, сангийн бодлого хэрэгжүүлж байгаа Засгийн газар хоёр хамтарч шийдэхгүй бол давж гарахад бэрхшээлтэй. Хөгжиж байгаа үед, мөнгөтэй байгаа үед Засгийн газар нийгмийн халамж руу мөнгө гаргах сонирхолтой байдаг. Энэ нь инфляцийг өдөөдөг. Тиймээс Төв банк үүнд хяналт тавьж, тоормозыг нь татах ёстой. Бонд гаргах бас нэг өдөөгч нь валютын нөөц байсан. Бага хүүтэй байгаа дээр нь мөнгөө авч нөөцлье гэж шийдсэн л дээ.

Доллараар орж ирсэн бондыг төв банкны мэдэлд шилжүүлсэн. Засгийн газар зардлаа төгрөгөөр гаргадаг. Тиймээс ЖДҮ, дэд хөтөлбөрүүдэд төгрөг гаргах саналыг Засгийн газар, Монгол банктай хамтарч ярилцсаны дүнд гаргасан. Түүнээс Засгийн газар дангаараа шийдвэр гаргавал валютын ханшид нөлөөлнө шүү дээ.

-Тэгэхээр төгрөг болоод валютын нөөцөд байсан ам.долларыг эргэлтэд оруулсан нь ханшны өсөлтийг бий болгосон. Үүнийг тооцоогүй хэрэг үү?

-Хэрэв бид 1.5 тэрбум ам.долларын бондоо гаргасан бол ханшны асуудал хэвийн хэмжээнд байх байсан. Гэтэл үүнийг өрийн хязгаараар шалтаглаад зогсоосон шүү дээ. Нэг ёсондоо бүтэн явах циклийг тасалчихсан.

-Таны хэлж байгаагаар таван тэрбум ам.доллар авах ёстой байтал 1.5 тэрбумаар хязгаарласан гэх гээд байна уу?

-Тав гэдэг бол их тоо. Гэхдээ тавыг биш юмаа гэхэд гурав, 3.5-ыг авчихсан бол барилга, ипотекийн салбарт гаргасан төгрөгөө эргүүлээд татаад авах боломж байсан.

-Самурай бондыг гаргасан. Энэ бондын зорилго юу байв?

-Иен хамгийн бага хүүтэй. Монгол Улсын Засгийн газар, банкууд, хувийн компаниуд иений зах зээл рүү нэвтэрч байгаагүй. Ерөнхий сайдын айлчлалтай уялдуулаад иений зах зээлээс бонд босговол яасан юм бэ гэж ярилцсан. Ингээд бид 30 тэрбум иен буюу 300-аад сая ам.долларыг босгосон. Хүү нь жилийн 0.73 хувь. Гэхдээ 10 жилийн хүүгээ урьдчилаад авчихдаг юм билээ. Үүнийгээ япончууд хэлдэггүй л юм билээ.

-Нэг сонирхол татсан зүйл байна. Бондынхоо нэрийг яагаад Чингис гэж нэрлэсэн юм. Хэн нэрийг нь өгсөн юм бэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өгч байсан.

-Энэ мөнгө орж ирсэнээрээ эдийн засагт маш их дэмжлэг үзүүлсэн, үр өгөөч нь ч байгаа. Гэхдээ 2018 онд эхэнд бид 500 сая ам.доллар төлөх ёстой. Хэрэв Шинэчлэлийн Засгийн газар огцроогүй байсан бол бондоо хэрхэн төлөх байсан бол?

-Зээл аваад түүнийгээ сунгах юм уу, өөр эх үүсвэрээс төлөх үү гэдэг нь банкны зээл төлөхтэй л адил. Гэхдээ гол нь гадагшаа гарах ёсгүй. Тухайн улсдаа капитал болох ёстой. Эргээд төгрөгийн үнэлэмж чухал болохоос биш валютын үнэлэмж чухал биш. Бид төгрөгөө барьцаалаад зээл авах боломж байгаа.

-Бондын мөнгийг гурван хэсэгт зарцуулна гэж төлөвлөсөн тухай та ярьсан. Тэгвэл яг төлөвлөгөөний дагуу явж чадсан уу?

-1992-2012 оны хооронд 20 жилийн хугацаанд Монгол Улс 2087 км зам тавьж, таван аймгийн холбосон байгаа юм. Харин бид 2012-2015 оны хооронд 2283 км зам тавьж алсын таван аймгийн хатуу хучилттай замыг тавьж чадсан. Сөрөг хүчний зүгээс шүүмжилж байгаа зүйл бол арилжааны зээл авчихаад зам руу оруулсан гээд байгаа юм. Төгрөгөө үнэтэй байлгая, эргэлтэд оруулъя гэвэл аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ёстой. Үүний тод жишээ бол Хөвсгөл рүү зам тавьсан нь дотоодын олон жуулчин очлоо шүү дээ. Хэрэв энэ зам тавигдаагүй байсан бол пирус машин очиход хэцүү. 20 жилийн хугацаанд ямар нэг хэмжээгээр нэмэгдээгүй байсан. Маш их нүүрсний нөөцтэй ч ОХУ-аас жилд 80-90 сая ам.долларын эрчим хүч экспортолдог байсан. Тэгвэл бондын хөрөнгөөр бид эрчим хүчний эх үүсвэр барьж чадсан байх жишээтэй. Арилжааны зээлийн хувьд 1400 төсөлд, 655 компанид 230 тэрбум төгрөгийн зээл гаргасан.

-Мөнгө төгрөгөө зарцуулаад явахад улс төрийн нөлөө хэр байсан бэ. Тодорхой асуувал, УИХ-ын гишүүдийн компанид мөнгө өгсөн үү?

-655 компанид хэний компани байгааг хэлэхэд байна. Бүхэлд нь АН-ынхны компани авсан гэвэл худлаа.

-Эдийн засгийг төрөлжүүлэх тухай яриад байгаа. Бондын мөнгө босгож, авч байхдаа энэ асуудалд анхаарал хандуулсан уу?

-Төрөлжүүлнэ гэдэг маань үйлдвэрүүдээ дэмжиж байгаа, импортоо багасгаж байгаа явдал шүү дээ. Ингэхдээ мөнгө олж болох олон салбарт мөнгө өгч, дэмжиж байгаа юм. Гэхдээ эдийн засгийг солонгоруулах ажлыг Засгийн газар биш хувийн секторынхон хийх ёстой юм болов уу гэж боддог.

-Засгийн газар өөрөө оролцоод байхаар яаж хувийн компаниуд өрсөлдөх юм бэ?

-Засгийн газар ямар салбарт хувийн компаниудтай өрсөлдсөн гэж...

-Тухайлбал, шатахууны үнийг зориудаар бариад байна шүү дээ?

-Нефтийн үнийг чөлөөлөөд орхисон бол өнөөдөр 1л шатахууны үнэ 3500 төгрөг давах байсан биз.

-Харин наадах чинь асуудал үүсгээд байна л даа. Тухайлбал, шатахууны үнэ өссөн бол иргэд хэрэглээгээ хязгаарлаж эхэлнэ, ямар машин унахаа хүртэл бодож эхэлнэ. Гэтэл Засгийн газраас шатахууны үнэ өсөхгүй гээд хэлчихээр хүмүүсийн хэрэглээ улам л нэмэгдэж байна. Ипотекийн зээлийн хүүг багасгана гэж зарласан нь орон сууцны үнэ дахиад л өслөө. Уг нь төрийн оролцоо энэрэнгүй байх ёстой ч зах зээлийн механизм нь илүү зохицуулах ёстой юм бишүү л гэж асуугаад байна л даа?

-Сонгодог загвар буюу Америкийн загвараар явуулъя гэхээр суурь капитал байхгүй. Тэгэхээр тодорхой хэсгийг улс оруулаад дараа нь түүнийгээ чөлөөлөхгүй бол болохгүй байсан. Нефтийн тухайд бид 100 хувь оносон гэж хэлж чадахгүй, алдаатай зүйл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг яасан гэхээр төсөв мөнгө хэтэрсэн энэ үед хүмүүсийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй юм байна. Тиймээс иргэдийн халааснаас гарч хамгийн их зарцуулагдаж байгаа бензин, мах, гурилынх нь үнийг өсгөхгүй байлгах нь чухал юм байна гэдэг бодлого барьсан. Тэр зохицуулалтыг хэрэглээний бензин дээр л хэрэгжүүлсэн. Бизнесийн, уул уул уурхайд хэрэглэж байсан шатахуун бол зах зээлийн жам ёсны үнээр л авч хэрэглэсэн.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа хувьцаат компани болгоно гэж ярьж байсан та бүхэн. Энэ чиглэлээр ямар ажил хийж амжуулсан бэ?

-Ерөнхий сайдын зөвлөх болохдоо нэг л зүйлийг хэлсэн. Энэ юу гэхээр манай санхүүгийн сектор нэг хөл дээрээ догонцож байна. Яагаад гэхээр 98 хувь нь арилжааны банкууд. Маш өндөр хүүтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дотоодын хэдэн компаниуд маань энэ банкуудын хүүг төлөхийн төлөө л явж байгаа. Банкуудад байгаа иргэдийн хадгаламж бага учир иргэдийн мөнгийг өндөр хүүтэй хадгалдаг. Ийм л байдлаар явж ирсэн. Тиймээс санхүүгийн секторыг нэг биш ядаж гурван чиглэлд хөгжүүлье гэж хэлсэн. Хөрөнгийн зах зээл байхгүй. Ганц зээл авдаг биш “надад ийм бизнес байна, үүний 70 хувийг та нар аваач. Би ийм юм хийж чадна” гээд зардаг болгоё гэсэн чинь Үнэт цаасны тухай хууль нь учир дутагдалтай, хөрөнгө оруулалтын сангийн хууль байхгүй байсан. Тиймээс би өөрөө ахлаад Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлуулсан. Одоо хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэхээр хөрөнгийн бирж дээр бараа байхгүй. Зарах бараа нь юу вэ гэхээр төрийн өмчит компаниуд юм байна гэж үзсэн. Хоёр дахь зүйл нь даатгал байсан. Даатгалын салбарт экспортын даатгал гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гээд даатгалын бүх компаниудтай уулзахад, “та нар бидэндтэй өрсөлдөх гэж байна” гэж эсэргүүцсэн учир зогсоосон.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна