Бургастай боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхэд хүндрэлтэй

2016 оны 2 сарын 24

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастай боомтоор Монгол Улс БНХАУ руу мах экспортолж эхэлсэн. Шүлхий өвчингүй бүс хэмээн зарласан Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчид, аж ахуйн нэгж, иргэдээс авсан малыг Увс аймгийн “Грийнграслэнд Мон-Тува”, Хөвсгөл аймгийн “Монгол эко мах Хөвсгөл мах маркет”, Завхан аймгийн “Завхан хүнс” группийн үйлдвэрт бэлдэж экспортод гаргах юм.  

Үүнтэй зэрэгцэн 2012 оноос хойш яригдсан Бургастай боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх боломжийн асуудал сөхөгдөж эхэллээ. Монгол Улс ганцхан Бургастай боомтоор мах экспортолно хэмээн зарласан учраас энэ боомтыг байнгын ажиллагаанд оруулах шаардлагатай байгаа юм.

Уг нь 2012 онд Бургастай боомтыг байнгын ажиллагаанд оруулах Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч бодит байдал арай өөр. Бургастай боомт одоогоор жил бүрийн тэгш тоотой сарын 11-30-ны хооронд нээгдэн ажилладаг. Нэгэнт Засгийн газрын тогтоол аль дөрвөн жилийн өмнө гарсан учир энэ боомтыг байнгын ажиллагаанд оруулж, махны экспортын хэмжээгээ нэмэх боломжийн талаар албаны хүнээс тодруулсан юм. ГХЯ-ны Олон Улсын эрхзүйн газрын дэд захирал Д.Билэгдоржийн хэлснээр “боомтод дэд бүтэц гэх зүйл огт байхгүй, тиймээс байнгын ажиллагаанд шилжүүлж болохгүй байгаа” гэнэ.

Саяхныг хүртэл энэ боомтоор “Алтайн хүдэр” компани төмрийн хүдэр, бусад бүтээгдэхүүнийг гаргаж байжээ. Энэ ч үүднээс “Алтайн хүдэр” компанийн зүгээс ажилтнууддаа зориулан энэ боомтыг ус дулаан, цахилгаанаар хангаж ажилладаг байсан. Гэвч гадаадын зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурч, олборлолтын үйл ажиллагаагаа зогсоосноор ус дулаан, цахилгааны хангамжгүй болсон байна. Боомтыг байнгын ажиллагаанд оруулахад нэн тэргүүнд дэд бүтэц шаарддаг. Гэтэл Бургастай боомтын шалган нэвтрүүлэхээс хилийн боомт хүртэлх хэдхэн км газарт засмал зам ч байхгүй. Боомтын ажилтнууд цахилгаан дулаангүй гэрт, 30 гаруй км-ийн зайнаас ус зөөж амьдардаг дүр зурагтай гэлээ.

Ямартай ч Говь-Алтай аймаг, Хятадын талтай уулзалт хийж цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэлэлцжээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Бургастай боомтын нөхцөл байдлыг судалж Боомтын үндэсний зөвлөлд асуудлыг хүргүүлэхээр зэхсэн байна. Улмаар Засгийн газарт асуудлыг хүргэж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан өгсөн юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна