Ерөнхийлөгчийг муулсан гэж эхнэрээ матжээ

2016 оны 2 сарын 24

Ачааны тэрэгний жолооч, нэгэн турк эр эхнэрээ ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг муулсан гэж шүүхэд гомдол гаргасан байна.

Али гэгч эр гэрлээд гурван жил болсон бөгөөд ерөнхийлөгчийг зурагтаар гарах болгонд муу хэлдэг эхнэртээ анхааруулсан боловч цаадах нь огт тоогоогүй гэнэ.

Бүр нөхрөө “Чаддаг юм бол намайг ингэлээ гэж шүүхэд өг л дөө” гэж бассан аж. Тэгэхэд нь Али ерөнхийлөгчөө харааж зүхэж буйг нотолгоо болгон бичиж авч, шүүхэд өгсөн байна.

Дээрх хэргийн шүүх хурал хэзээ болох тов хараахан гараагүй байгаа юм байна.

Энэ талаар Али "Би түүнд яах гэж ерөнхийлөгчөө харааж зүхэж байдаг юм бэ гэж байнга хэлдэг байсан. Манай ерөнхийлөгч их сайн хүн. Туркийн төлөө сайн зүйл олныг хийсэн” хэмээн ярьсан байна.

Тэрбээр мөн "Ерөнхийлөгчийг харааж зүхсэн хэнийг ч би хүлцэхгүй. Шүүхэд өгөх байсан. Миний аав байсан ч ялгаагүй” хэмээн ярьжээ.

Харин энэ хэргээс болж эхнэр нь түүнээс салах өргөдлөө өгчээ. Туркт ерөнхийлөгчөө харааж, зүхсэн, доромжилсон хэргээр олон сэтгүүлч, блогч, эрдэмтэн, жирийн иргэд шүүхээс ял авсан аж. Үүнээс өмнө Туркийн парламентын гишүүн, Эрдоганы намын гишүүн Фейзи Избасаран төрийн тэргүүнийхээ талаар твиттерээр доромж утгатай зүйл бичсэн хэргээр гурван жил шоронд хоригдох ял сонссон юм.

Арванхоёрдугаар сард цахим хуудсуудаар Эрдоган, “Бөгжний эзэн” кинонд гардаг Голлум хоёрыг харьцуулсан зураг тавьсны дараа Туркийн шүүх шинжээчдийг томилж байв.

Туркийн ерөнхийлөгч нэр төрд халдах асуудалд тун эмзэг ханддаг бөгөөд сөрөг хүчний лидер өөрийг нь дарангуйлагч гэж цоллосны төлөө шүүхэд өгч, 32,000 ам.доллар нэхэмжилсэн байна.

Мөн 2015 онд 12,13 настай хөвгүүд төрийн тэргүүний зурагтай зурагт хуудсыг урсны төлөө дөрвөн жил торны цаана суух ял авч байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна