Эмэгтэй загварын хувьсгалч Кристобаль Баленсиага

2016 оны 2 сарын 24

Голландын Антверпен хотноо алдарт загвар бүтээгч ба түүнийг дагалдагчдад зориулсан Game Changers үзэсгэлэн нээгдэнэ.

Balenciagaгийн модель, 1950 он, Фото: архив Balenciaga

Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр Голландын Антверпен хотын MoMu музейд эмэгтэйчүүдийн хэв маяг ХХ зуунд хэрхэн хувиран өөрчлөгдсөн тухай түүхэн үзэсгэлэнг нээхээр бэлтгэж байна.  Эмэгтэйчүүдийн загварын хувьсгалч гэж хэлж болох Кристобаль Баленсиага-гийн бүтээлд үзэсгэлэнг зохион байгуулагчид онцгой анхаарчээ.

Game Changers үзэсгэлэнг “Reinventing the 20th century silhouette” гэж нэрлэсэн нь түүний учир утгыг өгүүлж байгаа юм.  «Haute Couture нь Баленсиагагийн удирдаж байгаа “хамтлаг” юм.  Үлдсэн бид бол тэр хамтлагийн хөгжимчид бөгөөд түүний  замаар л явагчид билээ” хэмээн нэгэн удаа Кристиан Диор  хэлж байлаа.

  • Силуэт гэдэг үгийн гарлын тухай хэдэн мөрөөр. Этьен де Силуэт  (1709—1766) гэдэг Францын Сангийн сайд өөрийн үеийнхнийгээ ухаалаг хэмнэлтэд уриалж, эрхэм дээдсийг хэтэрхий үрэлгэн гэж шүүмжилж байгаа нэгэн “харамч” сүүдэр хөргийн эзэн болжээ. Тэр сүүдэр хөргийн дараа энэ хямд зураг нь  «à la Silhouette» (Силуэтээр нь) гэсэн үгийг гаргаж ирсэн ба XVIII зуунаар дүрслэх урлагийн нэгэн төрөл болжээ.

Кристобаль Баленсиага Парис дахь өөрийн урландаа, 1959 он. Фото: Fonds Gyenes, Испанийн үндэсний номын сан

Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй чөлөөт эсгүүртэй дэгжин даашинзийг санал болгосон түүхэн дэх хамгийн агуу дизайнерийн нэг нь Баленсиага юм.  Эмэгтэйчүүдийн силуэтийн дүрд тэр хувьсгал хийсэн хүн бөгөөд цээживчээс татгалзан торх хэлбэрийн даашинз, baby doll эсгүүр, каре-пальто зэрэг олон хэлбэр дүрсийг бодож сэтгэснийг өнөөдөр ч дизайнерууд ашиглаж байгаа.

Balenciaga, 1955 он, Фото: Getty Images

ХХ зууны эхээр хөгжлийн чиг хандлагыг нь зааснаараа Баленсиага загварын түүхийн хөгжилд нөлөөлсөн юм.  Түүний санаа бодлыг Поль Пуаре, Коко Шанель зэрэг суутнууд өөр өөрсдийн арга барилаар үргэлжлүүлсэн юм. Олон жилийн дараа Рей Кавакубо, Иссей Мияке, Йожи Ямамото, Анн Демельмейстер, Мартин Маржела нар түүнийг дагалдагч болцгоожээ. Тэд бүгдээрээ л эмэгтэй хүний силуэтийг  өөрчилж, уран барилгын хэлбэрт оруулж байлаа. Антверпен дэх үзэсгэлэнд тэдний бүтээл Баленсиагагийн даашинзуудтэй зэрэгцэн тавигдана. Үзэсгэлэн 2016 оны гуравдугаар сарын 18-наас долдугаар сарын 14 хүртэл нээлттэй байх юм.

Balenciaga, хуримын даашинзтай модель, 1968 он, Фото: архив Balenciaga

Balenciaga маркийн түүх

Баскийн дизайнер Кристобаль Баленсиагагийн 1918 онд үүсгэн байгуулсан загварын ордон нь ХХ эхэнд  загварын агуу том байгууллага болон хувирсан байв. Испани, Бельгийн сурвалжит хатад, Холливудын одууд болох Бейб Палей, Глория Гиннес, Марлен Дитрих нарын дэмжлэгийг авсан Баленсиага яалт ч үгүй эмэгтэйчүүдийн  силуэтийг өөрчилж чадсан юм. Тэрээр тавиад оны дундуур  өнгөц харахад  анхаарал татахааргүй юүдэнтэй даашинз, baby-doll  гэх хүүхэлдэйн стиль, бөмбөгөр банзал, нударган ханцуйн бугуйвч  зэргийг санал болгосон нь хожим жишиг болсон юм.

Баленсиага загасчны жижиг тосгоны оёдолчны хүү байсан бөгөөд Мадридад гуталчны мэргэжилд суралцсаны дараа удалгүй өөрийн дэлгүүрийг нээсэн.  Испанийн иргэний дайны улмаас 1937 онд Парист шилжин очжээ.  Эмгэнэлт хэрэг явдал харин түүнд Парисын тайзыг нээж, үйлчлүүлэгчдээ тэлэх боломжийг өгчээ. 

Баленсиага 1968 онд загвар бүтээгчийн ажлаа орхих болсонд гүнгийн ахайтан Мона фон Бисмаркийг гүнзгий доглуулж гурав хоног гэрээсээ гараагүй гэж ярьдаг. Баленсиага 1972 онд таалал төгсчээ.

Түүний нэрийг 1987 онд “прет-а-порте” гэх нэрээр эргэн загварт оруулж ирэв. Загварын ордны уран сайхны захирал болсон залуу, эрч хүчтэй  франц дизайнер Николя Гескьер ордны уламжлалыг сэргээж эхлэсэн юм. Gucci Group 2001 онд өөрийн тансаг брэндүүдийн жагсаалд Balenciaga загварыг оруулсан.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна