Б.Сумъяа: Өвлийн спортын нэгэн түүхийг бичлээ

2016 оны 2 сарын 24

Норвегийн Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадамд Монгол улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар амжилттай оролцсон. Тэр дундаа Б.Сумъяа Үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт оролцон гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Ингээд ОУХМ Буянтогтохын Сумъяатай хийсэн ярилцлагыг танд хүргэж байна. 

-Энэхүү медаль Монгол Улсын өвлийн олимпийн анхны аварга болж түүхэнд бичигдлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Тэшүүрийн спортыг сонгож, өнөөдөр ийм том амжилтын цаана гарсандаа баяртай байна. Хэдийгээр холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн ч өвлийн спортын амжилтад нэгэн түүх бичигдлээ. Багийн тамирчдыг бүрдүүлсний дараа медаль авах зорилгыг өөртөө тавьсан. Одоо энэ л боломжийг алдаж болохгүй шүү гэж өөрийгөө зоригжуулсан. Манай багт үнэхээр сайн тамирчид багтсан. Энэ бол багийн буухиа уралдаан. Хэдийгээр 1,6 км зайг багаараа алдаа гаргалгүй уралдана гэдэг бол тийм амар биш. Мөн бүгд л шилдэг тамирчид.

-Багийн тамирчидтайгаа нэг өдрийн бэлтгэл хийсэн гэж байсан. Гэтэл дасгалжуулагч багшаар Д.Энхбаяр багш сонгогдсон байна.

-Үндэсний олимпийн хорооны нэгдмэл 13 баг бүрдсэн. Нэг багт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчин гүйлтийн тэшүүрийн 1,6 км-т уралдсан. Тэмцээн хоёрдугаар сарын 17-ны өдөр болсон. Тамирчдыг амжилтаар нь эрэмбэлж, автоматаар хуваарилсан. Гэхдээ үүнд охидын 500 метр, хөвгүүдийн 1500 метрт үзүүлсэн амжилтаар сонгосон байсан. Дасгалжуулагчийг сугалаагаар сонгосон. Гэтэл манай багийн дасгалжуулагчаар Д.Энхбаяр багш сонгогдсон. Бид уралдаан болохын урд өдөр бэлтгэлээ хийсэн. Тэр л үед энэ боломжийг алдахгүйг их хичээсэндээ. Багийн гүйлт бол хэцүү. Нэг нь алдаа гарахад тэр багийн амжилт үгүй болно. Тиймээс бид богино хугацаанд маш сайн ойлголцож чадсан. Багш бүх тактикийг боловсруулсан.

-Танай баг гуравдугаар гараанд гарсан. Олон баг алдаа хийж, тэмцээнээс хасагдаж байсан. Тэр үед юу бодогдож байв?

-Ер нь дор бүрнээ анхааралтай байсан. Зарим баг маш хүчтэй байгаа нь харагдсан. 500 м, 1500 метрийн аварга болсон тамирчид хүртэл нэг багт багтсан. Тэнд үнэхээр ширүүн өрсөлдөөн болсондоо. Манай баг үндсэн зайгаа нэг минут 57 секунд 85 долийн хугацаанд туулсан. Тэгээд багийн амжилтыг харж суусан. Ямар ч байсан бидний амжилт медальд хүрэх боломжтой байгааг харж байлаа. Эцсийн мөчид дүн гарахад бид ялагч болж, аваргын алтан медаль хүртлээ. Энэ мөч гайхалтай байсан. Багт маань БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян хөвгүүд, Италийн Боназа Ноеми нар багтсан.   

-Хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцсан бэ?

-Түрүүлсэн гайхалтай тэр агшныг багийнхаа итали охинтой хуваалцсан. Бид чадлаа гээд баярлаад. Ер нь гайхалтай байсан. Тэгээд багийнхандаа баяр хүргээд. Итали охиныг би сайн мэднэ. Өнгөрсөн жил Дэлхийн цомын тэмцээнд оролцож байхдаа танилцаж байсан. Их сайн тамирчин. Тэгээд ээж рүүгээ мессэж бичсэн. Тэр үед их зүйл бодогдож билээ. Яагаад гэхээр 2013 оноос хойш Д.Энхбаяр багш бид хоёрын хүсэж байсан тэр бүхэн минь биеллээ. Мөн эх орондоо өвлийн олимпийн анхны алтан медаль авчирсан гэхээр итгэж өгөхгүй байлаа. Магадгүй энэ маань нэгдмэл баг ч гэлээ түүхэн амжилт юм. Энэ амжилт маань олон залуучуудад урам өглөө.

Дараа дараагийн наадмуудад илүү олуулаа оролцоно гэдэгт итгэж байсан. Мэдээж бэлтгэлээс бүх зүйл шалтгаална. Залуучуудын олимпийн холимог багт багтан эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Энэ бол багш бид хоёр сүүлийн хэдэн жил мөрөөдөж байсан хүсэл минь байлаа.

-Залуучуудын олимпийн наадамд шилдэг 28 тамирчин оролцсон. Өөрийн хувийн амжилтаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж би энэ удаагийн наадамд амжилттай оролцсондоо сэтгэл хангалуун байна. Бусад орны тамирчидтай харьцуулах юм бол бидэнд үнэхээр бэлтгэл хийх боломж бага. Зарим тамирчин жилийн турш мөсөн дээр бэлтгэлээ хийдэг. Гэтэл бид маш бага хугацаанд мөсөн дээр гарна шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нидерланд, Германд болсон Дэлхийн цомоос эрхээ авсан. Энэ удаа ганцаарчилсан төрлийн 500 метрт 21, 1500 метрт 24 дүгээр байрт орсон. Мөн 500 метрт өөрийн эзэмшдэг өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчилсэн.

-Энэ удаагийн наадамд манай улсаас цана, тэшүүрээр хоёр л тамирчин оролцлоо шүү дээ?

-Энэ удаа гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх бид хоёр эрхээ авч оролцсон. Манай олон тамирчинд эрх авч оролцох боломж байсан. Дараа дараагийн наадмуудад илүү олуулаа оролцоно гэдэгт итгэж байсан. Мэдээж бэлтгэлээс бүх зүйл шалтгаална. Тэшүүрийн тэмцээн 1994 онд өвлийн олимпийн наадам болж байсан Лиллехаммер хотын цэнгэлдэхэд болсон. 22 жилийн өмнө олимпийн наадам болж байсан мөсөн талбай дээр уралдах сайхан байсан.

-Үнэндээ манай улсад мөсны ордон алга. Тэшүүрийн тамирчдын хувьд хүндрэл их байна. Та бүхнийг гадаадад очиж бэлтгэлээ хийсэн гэж байсан?

-Өвлийн спорт манай оронд хөгжих бүрэн боломжтой. Магадгүй бид мөсны ордонтой болчихвол амжилтууд улам л ахина. Хэдийгээр Дэлхийн цомд оролцоод эрхээ авсан ч бэлтгэлийн хувьд асуудал байлаа. Д.Энхбаяр багш бид БНСУ, БНХАУ-д 10-21 хоногийн бэлтгэл хийсэн. Мөн тэмцээнд явахын өмнө Хүннү моллын талбайд цаг авч бэлтгэлээ үргэлжлүүлсэн байгаа. Гэтэл бусад орны тамирчдыг харахад үнэхээр атаархмаар л байдаг. Манай тамирчдын хувьд амжилт үзүүлэх боломж байгааг харуулаад байдаг. Багшийн зүгээс бүх бэлтгэлийг боловсруулж байлаа. Надад итгэсэн тэр итгэлийг би алдахыг хүсээгүй. Өөрт байгаа бүхийл боломжоо гаргалаа.

-Анх энэ спортод хэрхэн орж байсан бэ? Дугуйн спортоор хичээллэдэг гэсэн.

-Тэшүүрийн спортоор хичээллэхэд ээж маань нөлөөлсөн. Энэ спортод хөтлөн оруулсан багш маань гавьяат тамирчин Л.Цэнд. Сүүлийн дөрвөн жил “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхбаяр багш дээр бэлтгэлээ хийж, энэ спортод гаргаж болох тэр л амжилт руу зүтгэсэн. Түүний хүчинд өнөөдөр залуучуудын олимпийн холимог багт багтан эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Энэ бол багш бид хоёр сүүлийн хэдэн жил мөрөөдөж байсан хүсэл минь байлаа. Үүнийг дагаад эх оронд маань өвлийн спорт улам хөгжөөсэй, хүүхэд залуучууд урам аваасай гэж хүсэж байна.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохыг төлөвлөж байна вэ?

-Энэ сарын сүүлээр өсвөрийн УАШТ, ирэх сард Бүх ард түмний спартикиад байгаа. Мэдээж гуравдугаар сард Канадад болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохыг хүсэж байна. Багштайгаа ярилцаж байгаад дараагийн тэмцээний тов гарна даа.

НЭРИЙН ХУУДАС:

Буянтогтохын СУМЪЯА. 1999 онд төрсөн. Тэшүүрийн өсвөрийн ангиллын Монгол Улсын рекордыг 18 удаа шинэчилсэн. Өдгөө 500, 1000, 5000, 300 метрт улсынхаа рекордыг эзэмшдэг. Дасгалжуулагч “Алдар” спорт хорооны багш Д.Энхбаяр.

Мөн тэшүүрийн хажуугаар дугуйн спортоор хичээллэдэг. Дугуйн УАШТ-ий өсвөр, залуучуудын ангиллаас засмал замын дугуйн цуваа, бөөн гараанд алт, уулын гараанд мөнгө, цуваа гараанд алт, насанд хүрэгчдийн хосын гараанд алтан медаль хүртээд байна. Тэрээр Дархан-Уул аймгаас тэмцээнд оролцдог.  

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна