Анкарад бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчийг таньжээ

2016 оны 2 сарын 24

 

Туркийн нийслэл Анкара хотноо өнгөрсөн долоо хоногт тэсрэх бөмбөг дэлбэлж 29 хүний амийг хөнөөсөн амиа золиослогч Сири улсаас ирээгүй болохыг тодруулжээ. Амиа золиослогчийн ДНК шинжилгээгээр Туркийн зүүн хэсгийн Ван хотод оршин суудаг Абдулбаки Сомер гэгч болохыг таньсан байна. Туркийн прокуроруудын мэдээлснээр Абдулбаки Сомерын ДНК аавынхтай нь таарсан гэнэ. Абдулбаки Сомер 2005 онд 16 насандаа Курдын ажилчдын намд /PKK/ элссэн байжээ.

 

Анкара хотноо автозамын уулзвар дээр зогсож байсан армийн автобусны хажууд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 29 хүн амь үрэгдсэний 20 нь цэргийн алба хаагч байжээ.

 

Өмнө нь Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу амиа золиослогчийг Сири дэх Курдын хамгаалах хүчний (YPG) гишүүн, Сирийн иргэн Салех Некар гэгч хэмээн мэдэгдэж байжээ. Гэхдээ Абдулбаки Сомер өнгөрсөн зун Турк буцаж ирэхдээ Салех Некар гэх хуурамч нэрээр орж ирсэн байж магадгүй аж.  Хэдийгээр амиа золиослогч Сири улсаас ирээгүй нь тогтоогдсон боловч Туркийн албаныхан халдлага Сири дэх курдын дайчидтай холбоотой хэмээн үзжээ.

 

Туркийн засгийн газрын эсрэг тэмцэж тусгаар улс байгуулахыг зорьсон Курдын ажилчдын нам 2014 оныг хүртэл Иракийн хойд хэсгийн уулархаг бүсэд байрлаж байжээ. Харин Сири дэх Курдын хамгаалах хүчин нь АНУ-ын дэмжлэгтэйгээр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа аж. Анкара нь Турк, Сири, Иракийн нутаг дахь курдын нам, хүчнийг террорист байгууллага хэмээн зарласан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна