Д.Ганбат: Онгоц саатуулаагүй

2016 оны 2 сарын 24

УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр сэтгүүлчдэд тайлагналаа. Энэ хугацаанд тус байнгын хороо нь 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс бие даасан гурван хууль батлагджээ. Тодруулбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд батлагдсан байна. Мөн Хүчингүй болсонд тооцох тухай хууль 13, УИХ-ын тогтоолын төсөл 13-ыг тус бүр батлуулсан бол нэмэлт өөрчлөлт оруулсан хууль нь 254 аж. Үндсэн хуулийн Цэцийн зургаан дүгнэлтийг холбогдох журмын дагуу хэлэлцсэн гэх мэдээллийг тэрээр өглөө. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар зөвхөн Цэцийн даргын асуудлыг хэлэлцээд хаачихсан. Энэ нь олон нийтэд ээлжит бус чуулган зарласан нь зөвхөн Цэцийн даргыг чөлөөлөх байж гэж харагдаад байгаа. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдсөн Ж.Амарсанаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгаа юм билээ?

-УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг зарласан. Нийт 24 асуудал хэлэлцэхээр жагсаасны нэг нь Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай байсан. Үүнээс 12 асуудал нь Хууль зүйн байнгын хороотой холбоотой асуудал байснаас гурван төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагааны хугацаанд ажиллахаар болсон. Хүлээлт үүсгэсэн чухал хуулиуд. Би зөвхөн Байнгын хороотой холбогдох асуудалд хариулт өгнө. Тэгэхээр ээлжит бус чуулганыг зарласан хүнээс нь наад асуудлаа асуу.

-МИАТ компанийн онгоцыг хүлээлгэсэн талаараа та тайлбар хийнэ гээд байсан. Энэ тухайгаа одоо дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-МИАТ компанийн онгоцыг саатуулсан асуудал байхгүй. Шинийн гурван, дөрвөн байна уу, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид гурав албан ажлаар гадагшаа явсан. Шадар сайд онгоцны экипажтай уулзах хүсэлт тавьсан. Онгоцны экипажийн дарга ирээгүй.

Аливаа төрийн байгууллага, төрийн өмчит компанийн ажил төрөлтэй Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн танилцах эрхтэй. Сахилга хариуцлага хаа хаанаа муу байгаа гэж яригддаг. Тийм учраас бид тухай бүрт нь анхаарал тавьж, ажлын хариуцлагыг шалгаж байх ёстой.

Шадар сайд Ц.Оюунбаатарыг би Онцгой байдлын комиссын даргын хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, МИАТ компанийн дарга, Зам тээврийн сайд руу утсаар залга. Хүний амь нас, өмч хөрөнгө хариуцсан байгууллага байж, яагаад ийм байдаг юм бэ гэсэн. Утсаар залгахад бүх л байгууллага утсаа авахгүй, хариу өгөхгүй байсан. Ийм л юм болсон.

Энэ тухай юм бид яриагүй байхад Зам тээврийн сайдын яриа сонин хэвлэлд гарсан. Тухайн хэвлэлд яриа өгсөн эсэхийг нь мэдэхгүй юм. Дараа нь уучлал гуйлаа гээд мэдээлэл гарсан харагдсан. Үүнд нэмэлт тайлбар хийх шаардлаггүй.

-Та гадаадаас ирснийхээ дараа Зам тээврийн сайдад тайлбар хийсэн юм биш үү?

-Миний хувьд тэгсэн ингэсэн гэдэг тайлбар хийгээгүй. Одоо л энэ тухай ярьж байна. Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ компани сахилга хариуцлагыг хаа, хаанаа хангаж, журмын дагуу ажиллах ёстой. Монгол Улсын Шадар сайд ажлынхаа байдлыг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Ах захаа бодсон ч гэсэн төрийн ажил явж байна. Төрийн өмчийн компани ажиллаж байна. Цаана нь аюулгүй байдал хангах ёстой. Сахилга хариуцлаггүй байгаа тухай хэл ам их гардаг. Олон улсын туршлагаас харахад хариуцлаггүйгээс болж осол аваар гардаг талтай. Ийм асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Шаардлагатай гэвэл Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн сайд нь нараас асуу.

-Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд эргэж гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл бий юу?

-Өршөөлийн хуулиар эргээд гэмт хэрэгт холбогддог тал бий. Уг хуулийн хүрээнд 2000 гаруй иргэн суллагдсан. Одоо ч суллагдаж байна. Яагаад гэвэл, ялын хугацаа нь тодорхой хэмжээгээр хасагдсан учраас суллагдаж байгаа. Шүүх шийдвэрлээд явж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулахаа илэрхийлээд өршөөлд хамрагддаг. Өршөөлд хамрагдсан иргэдээс 1.9 хувь нь эргэж хэрэг зөрчил үйлдээд цагдаад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

-Нийгэмшүүлэх талд хэр ажиллаж байгаа юм бол. Энэ талын мэдээлэл танд байна уу?

-Алдсан иргэдээ Монголын төр өршөөсөн. Монголын төр анхаарал тавьж ажиллах ёстой. Яамдаас Хөдөлмөрийн яам энэ чиглэлээр маш сайн ажиллаж байна. Одоогоор 50 гаруй иргэнд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан гэсэн мэдээллийг өгсөн. Төрийн бус байгууллагууд сайн ажилласан. Цагдаагийн байгууллага ажиллаж байна.  Харин Нийслэлийн Гэр бүл, олон нийтийг хариуцсан орлогч дарга маш хариуцлаггүй ажилласан. Өршөөлийн комисст орж ажиллаад суллагдсан иргэнийг хүлээж авах ёстой байтал улс төрийн мэдэгдэл хийгээд төрийн ажлыг хийлгүй явсан байгаа. Үүнд арга хэмжээ ав гэж би Ерөнхий сайдад мэдэгдсэн, эргээд мэдэгдэх байх.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна