Нүүрсний татварыг бууруулна

2016 оны 2 сарын 24

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Сар шинийн өмнөхөн УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон.  УИХ-аар гурвантаа буцаагдаж, дөрвөнтөө хэлэлцэн баталсан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг УИХ 34-өөр тогтоож,  лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийх зөвшөөрлийг  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.  Энэ ажлыг Уул уурхайн яам хариуцан ажиллаж байгаа гэв.

Түүнчлэн нүүрсний экспортын дэмжих цогц арга хэмжээг  хэрэгжүүлж эхэлснээ тус яамны удирдлагууд мэдээлэв. Өнгөрсөн онд 14.5 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон. Тиймээс дээрх цогц арга хэмжээний хүрээнд гадаадын зах зээлд борлуулсан нүүрснээс авах татварыг гэрээний үнээр тооцож авах тухай Засгийн газрын тогтоол гарсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг бууруулахаар болжээ.

Татварыг бууруулснаар нүүрсний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэхээс гадна  нүүрснээс төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Харин борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ, бусад мэдээ тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлээгүй эсвэл буруу мэдээлсэн тохиолдолд экспортод гаргасан нүүрсний татварыг жишиг үнээр тооцож авах гэнэ.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулна

Монгол Улс нүүрсийг хуурай аргаар баяжуулах талаар олон жил ярьсан.  Тэгвэл Уул уурхайн яам Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны  яамтай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг хэрэгжүүлэхээр  гурван жилийн өмнө тохиролцсон байна.  Энэ ажлын хүрээнд  тус яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгуулагатай санамж бичиг саяхан байгуулжээ.  Мөн “Эрдэнэс Монгол” болон Японы “Нагата инженеринг” компани хооронд төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, жилдээ 300 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих гэнэ.

Хайгуулын 995 зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмалын газар нийтдээ хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгосныг мэдээлэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах  өргөдөл гаргах цахим дугаарыг 3915 хуулийн этгээдэд олгожээ. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цагтаа өргөдлөө гаргаагүй байна.

Нэгдүгээр сар 569 кг алт олборложээ

Энэ оны эхний сард Монгол Улс хоёр тонн нүүрс, 569 кг алт, 110 тонн газрын тос олборложээ. Харин 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал 23.3 тонн төмрийн хүдэр  үйлдвэрлэсэн байна. Харин 139.7 мянган тонн зэсийн баяжмал, 700 кг алт, 1.2 сая тонн нүүрс, 106.3 мянган тонн газрын тосыг экпортод гаргасан байна.

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас  Засгийн газрыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумны нутаг бурхан халдун уулнаас эх авч урсдаг Онон голын сав газар, Ойн сав бүхий газарт хууль бусаар “Гутайн даваа” хэмээн компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл олгосон хэмээн тус төрийн бус байгууллага Засгийн газар, Уул уурхайн яамыг буруутгаж буй.  Уул уурхайн сайд Р.Жигжидийг ч огцруулах асуудлыг хөндөж байсан.


Тэгвэл Уул уурхайн яамны удирдлагууд ингэж хариулж байна.

-“Дэлхийн монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас хууль зөрчиж, алт олборлох зөвшөөрлийг гадаадын компанид олгосон гэж танай сайдыг буруутгаж байгаа?

-Монгол-Канадын хамтарсан “Гутайн даваа” компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд Гутайн алтны үндсэн ордыг нээж, Эрдэс баялгийн зөвлөлд нөөцийн тайлангаа ирүүлсэн байдаг.  Эрдэс баялгийн зөвлөлөөр 2012 онд  тус компанийн ирүүлсэн нөөцийн тайланг хэлэлцсэн.  Тур үед урт нэртэй хууль батлагдаж,  Гутайн орд  ойн сан бүхий давхцалтай таарсаан гээд үйл ажиллагааг нь зогсоосон. Харин 2015 онд урт нэртэй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр  ашиглалтын зөвшөөрөл авах эрх нь үүссэн юм билээ. Ингээр өнгөрсөн оны намар ашиглалтын зөвшөөрлийг нь АТГ хуулийн дагуу олгосон.  Тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн асуудал байхгүй.

-Хэрлэн мөрний урсгалд нөлөөлнө гэсэн болгоомжлол байна?

-Байгаль орчны үнэлгээг компани өөрөө санхүүжүүлж, “Дэлгэрэх ач” компаниар хийлгүүлж байгаа гэсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр 200 хүн ажлын байртай болж, 22.5 тэрбумын татварыг улсад төлөх тооцоо байгаа.

-“Монголиа гладвилл Увс петролиум”-д  газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэдэг үнэн үү. Нийтдээ Увсын 14 сумын газар нутгийг хамарч байгаа гэсэн?

-Хуулийн дагуу тус компани газрын тосны хайгуул хийж байгаа.  Хайгуулын талбайд Увсын 13 сумын газар нутгийг хамарч байгаа.

Т.ИРМҮҮН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна