Харвардад монголын хөгжлийн форум зохиогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Харвардад монголын хөгжлийн форум зохиогдлоо

Өнгөрөгч Лхагва гаригт АНУ-ын Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд "Монголын хөгжлийн форум" амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын хөгжлийн асуудлаар зохиогдсон тус арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Б.Алтангэрэл, мөн Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, тус улсад суугаа манай улсын Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын газрын дарга Жавхланбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Энхболд нарын Монголын төлөөлөгчид оролцсон юм.

Харвардын их сургуулийн нэр хүндтэй, нөлөө бүхий профессорууд болох Рикардо Хаусмэн, Дэвид Кинг, Стив Жардин нарын зочид, Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг хийх юм. Профессор Хаусмэний хувьд Монгол Улсын хөгжлийн асуудлаар сонирхолтой судалгаа хийснээ танилцуулсан нь арга хэмжээний үнэ цэнийг илтгээд зогсохгүй, жил бүр ийм форум зохион байгуулах шаардлагатайг нотолж байв.

Хөгжлийн форумд Харвард, MIT болон Бостон орчмын сургуулиудад багшилж байгаа болон сурч байгаа Монгол судлаач, оюутнууд өргөнөөр оролцох бөгөөд дэлхийн олон орноос Харвардад суралцагч оюутан, судлаачид оролцсон юм.

Монгол орноо олон улсад илүү ихээр сурталчилах, улмаар хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилгоор энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилж буй бөгөөд Харвардын их сургуулийн судалгааны хүрээлэнгүүд санхүүжүүлсэн болно.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж