Ц.Даваасүрэн: Цэц муу ажилласан

2016 оны 2 сарын 24

УИХ дахь бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Бие даагчдын зүгээс өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Мөн ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ҮХЦ-ийн Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль бусаар, хүч түрэн хэлэлцэж огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Хаврын чуулганы үеэр чухал хуулиудыг хэлэлцэн батлаж амжихгүй болов уу. Тэр хугацаанд намууд нэр дэвшигчдээ тодруулаад ирэх тавдугаар сарын 4-ны өдөр гэхэд нэр дэвшигчидээ бүртгүүлнэ. Хэнийгээ дэвшүүлэх вэ, хэрхэн дэвшүүлэх вэ гэдэгтээ анхаарах байх. Иймээс бид хаврын чуулганы үеэр цаг хугацаандаа батлагддаг 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулиудыг эхний хагас жилдээ батлах ёстой” хэмээсэн. Мөн ээлжит бус чуулганыг зөвхөн нэг хүнийг огцруулахын төлөө хийсэн хэмээгээд “Цэц бол муу ажилласан. Цэцийн тунгалаг байдлыг бохирдуулсан. УИХ-ын гишүүний сайдтай хариуцлага тооцох хуулийн заалтыг байхгүй болгосон. Ийм муухай зүйлийг Цэц хийсэн. Гэлээ гэхдээ Цэцийн даргыг эгүүлэн татаж байгаа арга нь өөрөө ҮХ зөрчсөн болчиж байгаа юм. Тиймээс бид оролцоогүй. Яагаад гэвэл Цэцийн гишүүнийг огцруулахад тухайн санал болгосон байгууллагын санал, Цэцийн шийдвэр байж УИХ-аар хэлэлцэнэ гэж заасан байдаг. Сая Цэцийн шийдвэр байгаагүй. Тиймээс хууль зөрчсөн гэж үзэж байна. Цэц бол үнэндээ муу ажилсан” гэж УИХ-ын гишүүн Х.Даваасүрэн хэллээ.   

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Намрын чуулганаар батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар болсныг дэмжиж байна. Нэг хүнд оногдох байгалийн баялгаар дэлхийд эхний тавд орох улсаа зөв бодлогоор ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Ялангуяа Оюутолгойн төсөл үнэхээр буруу замаар явж, эх оронд өгөх өгөөжгүй болж байна. Дубайд дуудагдаж очоод Монгол Улсын 2022 онд ногдол хувиа авах байтал 2037 он болгож 15 жилээр хойшлуулчихаад Ерөнхий сайд нь ичихгүй байна шүү дээ. Намын эрх ашиг яриад ийм ерөнхий сайдаа аваад үлдчихэж байна. Намын эрх ашигаас улс орны эрх ашиг өндөрт байх ёстой” гэсэн юм.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Намрын чуулганаар гааль, НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүхий хэд хэдэн хуулийг баталсан. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал дээр зохицуулалт хийх шаардлагатай юу?

-Цалин тэтгэвэр нэмж чадахгүй байж татварын хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгоод байна гэдэг бол сайн зүйл биш. Би нэг жишээ хэлье. Онцгой албан татварын хуулинд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцдог болох тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Би байнгын хороог ахалж байхдаа тэрхүү хуулийн төслийг гурван жил дарсан. Өнгөрсөн онд намайг ажлаа өгөнгүүт долоо хоногийн дотор энэ хуулийг оруулж ирээд баталсан. Өөрөөр хэлбэл, архи спирт, бензин шатахуун гэх зэрэг бараа бүтээгдэхүүнд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болчихож байгаа юм. Гэтэл жирийн иргэн өнөөдөр 2039 төгрөгөөр төлж байгаа. Ийм л учраас татварын орчин иргэнээ туйлдуулж ядууруулсан, хөрөнгө чинээтэй улсуудын халамжилсан тогтолцоог бүрдүүлээд байна. Уг нь Төсвийн хуулинд, “Төсвийн жилд төсвийн орлогыг бууруулсан ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ хэлэлцээд, хөнгөлөлт олгоод явж байна. Нам эвслийн бүлгүүд хүч түрэмгийлсэн байдлаар хуулийн төсөл баталдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Татварын хөнгөлөлт дээр энэ мэт олон жишээ хэлж болохоор байгаа юм. Энэ чинь эцсийн дүнд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрээ бууруулж байна гэсэн үг шүү дээ.

-Бондын төлбөртэй хамааралтай бэлтгэл ажлууд хийгдэх ёстой байх. Бие даагчид энэ асуудалд хэр санаа зовниж байна. Энэ тал дээр ямар санаачилга гаргаж ажиллаж байна вэ?

-Өр зээлийн асуудал яригдаж байхад өрийн асуудлын бүтцээ бий болгооч ээ, хэрхэн барагдуулах механизмаа бүрдүүлээч ээ гэж олон удаа хэлсэн боловч хүлээн аваагүй. Товчдоо бол, өнөөдрөөс эхлэн эрсдлийн сангаа байгуулах ёстой юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна