Туурайн зудын шинж ажиглагджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Туурайн зудын шинж ажиглагджээ

-Отрын бүс нутагт мал ихээр өвөлжиж, хаваржиж байгаагаас бэлчээрийн даац хэтэрч, туурайн зуд болох төлөв ажиглагджээ-

Монгол Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” зэрэглэлд хүрээд байгааг Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээллээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг, орон нутгийн малчдад 1,8 тэрбум төгрөгийн тусламж хүргэхээр санхүүжилтийг баталсан ч өнөө хэр малчдын гар дээр хүрээгүй байгаа юм. Цагаан сарын өмнө баталсан санхүүжилтыг Сангийн яамнаас гаргаж амжаагүй байтал малчдын хүсэлт улам өсч, санхүүжилтын хэмжээ ч эрс нэмэгджээ. Малчид бэлэн мөнгөний хомсдолд орчихоод байгааг Шадар сайд онцлоод ялангуяа нэн ядуу өрхөд дулаан хувцас, тэжээллэг хүнс, эм тариа худалдан авахад 4.1 тэрбум, өвс, тэжээл худалдан авахад 2.5  тэрбум, нийт 6.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ажээ.

Мөн малын гоц халдварт өвчний тархалт эрс нэмэгдэж, вакцины хомсдол үүсээд байгаа тул вакцин үйлдвэрлэх болон бусад зардалд 1.3 тэрбум төгрөг, малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу 13 аймаг, нийслэлийн 19 сум, дүүрэгт 39 автомашин худалдан авахад 1.1 тэрбум төгрөг, эдгээр зардалд урьдчилсан байдлаар нийт ес орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмж гаргах шаардлага тулгараад байгаа гэнэ. Түүнчлэн отрын бүс нутагт мал ихээр өвөлжиж, хаваржиж байгаагаас бэлчээрийн даац хэтэрч, туурайн зуд болох төлөв ажиглагдаж эхлээд байна.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаас улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон байх юм. Одоогийн байдлаар Монголын улаан аагалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг найман аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн олгож эхлээд байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж