Хэн түрээсийн орон сууцад хамрагдах вэ?

2016 оны 2 сарын 24

Аймаг, нийслэлд төсвийн хөрөнгөөр барьсан нийт 929 айлын орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр зорилтот иргэдэд түрээслэх хөтөлбөр Засгийн газраас баталсан. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа II” хороололд 350 айлын, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон юм. Хот дахь түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянган төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцсон гурван сарын барьцааг төлж, цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно. 

Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн тухайд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, төрийн албан хаагч, 0-18 насны дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх, хувийн байгууллагад ажилладаг буюу, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байх юм. Энэ дотроо хотдоо байр түрээслэх нийт иргэдийн хамгийн их буюу 30 хувь нь хувийн салбарт ажилладаг иргэд байна. Орон нутагт түрээсийн байр хөтөлбөрт хамрагдах нийт иргэдийн 30 хувь нь төрийн албан хаагч байх юм. Төрийн өмчит орон сууцыг түрээслэгч иргэд сар, сард нь мөнгөө төлөх ч цаашид тухайн мөнгө нь байрны урьдчилгаа болж, түрээсийн байраа өмчлөх алхмын эхлэл болохыг З.Баянсэлэнгэ сайд тайлбарлалаа.

Түрээсийн орон сууцад амьдрах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт нь:

  • Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн

  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцын ашиглалтын зардлаа төлөх боломжтой

  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх.  

Харин төрийн өмчит байрыг түрээслэх нэр бүхий иргэд:

  • Цахим үнэмлэхийн  хуулбар

  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг,  хороонд хэдэн жил  амьдарч байгааг тодорхойлсон  байна/,

  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл,  орлого тодорхойлох баримт бичиг

  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна