Мүүнийг дахин мандан бадрууллаа

2016 оны 2 сарын 24

Цэнхэр үст Цэрэнгийн эхлүүлсэн БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын шашны итгэл үнэмшил нь одоо хашиж буй албан тушаалд нь тохирохгүй байгаа талаарх зарга сүүлийн өдрүүдэд Мүүний шашны сурталчилгаа болох хэмжээнд очоод байна.

Зарга үүсгэгч Цэрэн нь Б.Насанбаярыг Өмнөд Солонгосоос гаралтай Мүүний шашныг Монголд идэвхтэй дэлгэрүүлэгч төдийгүй өөрийн албан тушаалаа ашиглан боловсролын бодлогод нөлөөлж байгаа гэж үзэн шалгуулахыг Тагнуулын байгууллагад хандан хүссэн тухай өөрийн сошиал аккаунт дээр бичсэнээс хэрэг үүдсэн юм. Түүний сэдсэн хэрэг сошиал сүлжээг ашигчлагчдын дунд маргаан дагуулж байгаа. Зарим нь хүний ямар шашин шүтэх нь өөрийн эрхийн хэрэг гэсэн бол зарим нь Цэрэнгийн байр суурийг дэмжиж байгаа. Мүүний шашин гэж нэрлэгддэг энэ урсгал Монголд орж ирээд чамгүй олон жилийг үзэж байгаа. Дэлхийн энх тайвны төлөөх монголчуудын байгууллага гэсэн гэмгүй сайхан нэрээр жирийн монгол иргэдээс илүүтэй төрийн дээд, дунд албан тушаалынхантай илүүтэй тулж ажиллаж ирсэн. Ялангуяа 1990 оны сүүлээр ихээхэн идэвхжиж Монголын улстөрчдийг элдэв арга хэмжээндээ татан оролцуулж байсан. Харин сүүлийн жилүүдэд манай улстөрчид өөрсдөө ойлгосон уу, ямар ч гэсэн мүүнийхэнтэй илээр шадарлаж, идээ будааг нь идэх хүн ховордсон.

Харин цэнхэр үст Цэрэнгийн зарга бараг мартагдаад байсан Мүүнийг дахин мандан бадрууллаа.

А.ШАРАВ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна