“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдааны нээлтийн ёслол өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ЗХЖШ-ын дарга,  хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Хил хамгаалах Ерөнхий газрын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нарын удирдлагууд Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаар ангийн захирагч, алба хаагч, оюутан залуус оролцлоо. "Монгол цэргийн жавхаа-2016" уралдааныг нээж   Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Монгол цэргийн жавхаа” уралдаан жилээс жилд өргөжин тэлж, эх оронч үзэлтэй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалттай, үйл ажиллагааныхаа чиг баримжааг мэдрэх чадвартай, дайчин иргэдийг бэлтгэж байгаад баяртай байна. Энэхүү уралдаан зорилгодоо хүрч, үр дүнтэй үргэлжилж байгаад урамшиж, нийслэлээс Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран  цэргийн байгууллагуудыг шинэчлэх ажлынг эхлүүлэхээр зураг төслийг нь боловсруулж байгаа юм. Цаашид бид Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийнхээ чадавхийг дээшлүүлж, нэр төрийг өргөх, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийх болно гэдгийг хэлмээр байна.” гэсэн юм.

 

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах бодлого, зорилтын хүрээнд Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоорондын  хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн дагуу олныг хамарсан үр бүтээлтэй нэлээд ажил эхлүүлсний нэг нь “Улаанбаатар цэргийн хүрээ”-ний анги, байгууллагуудын жагсаалч байдал, тохижилт, эрүүл, аюулгүй орчинг бий болгох, цэргийн алба хаагчдын бие бялдрын зохистой түвшинг сайжруулах, түүнчлэн Монгол цэргийн уламжлал, түүхэн сурвалж, цэрэг эрсийн жавхаа сүрийг олон түмнээ таниулах, хүүхэд залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн бүр хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж цэргийн албыг хаах омогшил, сэтгэлийг нь хөгжөөх зэрэг олон талын ач холбогдолтой  “Монгол цэргийн жавхаа” тэмцээн билээ.Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” тэмцээн нь цэргийн анги, байгууллага, алба хаагчдын төдийгүй нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болсныг энд дурдахад таатай байна.Энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд бодит, томоохон хувь нэмэр болж, албандаа хандах хандлага, хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болж байна" хэмээн онцолсон.  Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах зорилготой энэ уралдаан 02 сарын 24-ноос 05 сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой. Уралдааны нэгдүгээр шат 02 дугаар сарын 24-нөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 дугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулна. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж