Хавдрын эсрэг үндэсний аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг үндэсний аян эхэллээ

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Аяны нээлт өнөөдөр ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд болж, нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ХСҮТ-ийн ерөнхий  захирал Л.Төмөрбаатар, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа  нар оролцож, үг хэллээ.

Дэлхий нийтийн хэмжээнд жилд 14,2 сая хүн хавдраар  өвчилж, 8,1 сая хүн хавдрын улмаас хорвоог орхидог байна. Манай улсын хувьд ч хавдар өвчин нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хавдраар өвчлөгсдийн тоо ойрын хэдэн жилд буурахгүй гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар тодотгож байлаа. Хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, хүмүүсийг өвдөхөөс нь урьтаж  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь хаюдрын эрсдлийг бууруулах хамгийн зөв арга ажээ. Тиймээс Хаан банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдрын эсрэг үндэсний аяныг жил бүр зохион байгуулж санхүүжүүлж иржээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хаан банкнаас 720 сая гаруй төгрөгийг уг аянд зориулсан байна. Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нар Монгол орныг бүхэлд нь тойрч, 90 мянга гаруй иргэнийг хавдрын цогц оношилгоонд хамруулжээ. Энэ хэрээр хавдрыг эрт үед нь илрүүлж,  403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийжээ. Улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын төвийг зорин ирж онош тогтоолгох нь бүү хэл хавдартай нь тогтоогдсон ч ирж үзүүлж, эмчлүүлэх санхүүгийн чадваргүй иргэд хөдөөд олон бий. Эмзэг бүлгийн болоод өндөр настнуудын хувьд  хот явж эмчлүүлэх боломж бүр ч хомс. Иймд мэргэжлийн эмч нар хөдөөд очиж, үзлэг шинжилгээ хийнэ гэдэг зүгээр мөнгө өгснөөс хэд дахин үр дүнтэй тусламж байдгийг иргэд хэлж байлаа.  Ийн эгэл иргэдэд туслахаас гадна хавдрын эмч нарыг мэргэжшүүлэн чадваржуулахад Хаан банкны санхүүжилт ихээхэн дөхөм болдог. Өнгөрсөн таван жилд 5400 гаруй эмч мэргэжилтэнг ур чадварын сургалтад хамруулсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэлэхдээ “Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хавдрыг бүрэн эмчлэх  боломжийг хэдийнээ тогтоосон. Тиймээс хавдар гэх авултай өвчнийг ялах боломж хүн бүрт бий. Гагцхүү эрт илрүүлэх, хувь хүн биеэ зөв авч явах дадал зуршлыг сурах хэрэгтэй байгаа юм. Иргэдийг үүнд чиглүүлэх, хавдраас сэргийлэх аянд мэргэжлийн эмнэлэг, эмч нараас гадна хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож байгаа нь сайн хэрэг” гэсэн юм. Харин МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа  “Аливаа аян тогтмол өрнөснөөр үр дүн авчирдагийг Хавдрын эсрэг үндэсний аянаас харж болно. МҮОНТ-ийн уран бүтээлч бидний хувьд энэхүү аянд таван жил дараалан оролцсоноороо үзэгч олондоо хавдрын талаарх төг ойлголтыг өгч, эрүүл аж төрөх дадал зрушлыг таниулж байгаа. Хэвлэлийнхэн маань эрүүл энхийн төлөөх аянд эмч нартай хамт оролцож байгаагаараа бахархдаг” гэлээ.

Хавдар өвчний дийлэнх олонх хувь нь хөгжиж байгаа орнуудад тохиож байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. 2030 он хүртэлх прогнозоор хавдар төдийлөн буурахааргүй дүр зураг гарчээ. Дэлхий нийтийн хэмжээнд харанга дэлдээд байгаа хавдар өвчин манай улсад өнгөрсөн онд өмнөх оноосоо таван хувиар өсчээ. Гэвч хавдрыг эрт илрүүлж, оношлуулбал бүрэн эдгэрдэг өвчин юм байна. Тиймээс л урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадлыг амьдралдаа хэвшүүлэх учиртайг ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар хэллээ.

Энэ жилийн хувьд Хавдрын эсрэг үндэсний аяныг санхүүжүүлэхэд Хаан банкнаас 100 сая төгрөг гаргахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгөөр, хавар, намрын саруудад Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан, Ховд гэсэн хавдрын өвчлөл өндөртэй найман аймагт очиж ажиллах ажээ. Мөн сэтгүүлчдийн дунд хавдрын эсрэг бичлэгийн уралдаан зарлахын сацуу хэвлэл мэдээллийн салбарынхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдгээ илэрхийлж байлаа.

Хавдрын эсрэг үндэсний аяны нээлтийн ёслолын дараа шадар сайд Ц.Оюунбаатар ХСҮТ-ийн үзлэг эмчилгээтэй танилцаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. ХСҮТ-ийн одоогийн барилга нь 1982 онд баригдсан бөгөөд өнөөг хүртэл шинэ байр бариагүйгээс эмчилгээ, үйлчилгээний хүрэлцээ муу байдаг гэнэ. Тус эмнэлэг өргөтгөлөө барьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хараахан ашиглалтад орж амжаагүй байгаа юм. Хэрвээ шинэ барилга ашиглалтад орвол тус эмнэлгийн үйлчилгээний хүртээмж 30 хувиар нэмэгдэх боломжтой юм байна.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж