Урьдчилгаа төлбөрийг барилгын компани, банк шийднэ

2016 оны 2 сарын 24

Орон сууцын ипотекийн зээлийн хүүг найм байсныг таван хувь болгон шинэчлэх журмыг Засгийн газар баталсан ч хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Барилга хот байгуулалтын яамнаас журмыг боловсруулж батлуулсан, журмыг хэрэгжүүлэх ажлыг  Сангийн яам, Монгол банк гардан хариуцна. Ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн байгаа. Иймээс дөрөвдүгээр сардаа багтаж, ипотекийн зээлийн хүү наймаас таван хувьд шилжих байх гэсэн бөөрөнхий тайлбарыг З.Баянсэлэнгэ сайд хийлээ. Орон сууцын ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд нийт 47 мянган өрх тус зээлд хамрагдаж орон сууцад хамрагдсан гэх тооцоо бий. Үнэхээр хавартаа багтаж орон сууцын ипотекийн зээлийн хүү тав болбол эдгээр иргэд хамгийн түрүүнд зээлийн хүүгээ бууруулах боломжтой болно.

Харин өнгөрсөн долдугаар сараас яригдсан орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг барилгын компаниуд, арилжааны банкууд шийднэ гэж Барилга хот байгуулалтын яамныхан өөрсдөөсөө бултуулсан хариултыг өглөө. Монгол банкнаас орон сууцын урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хөдөлгөхгүй гэдгээ мэдэгдсэн ч, орон сууц худалдан авагч иргэн, барилгын компани, арилжааны банк гурав хоорондоо тохиролцож чадвал тухайн орон сууцын урьдчилгаа төлбөр 10 хувь болох боломжтой юм байна. Тухайлбал, “Алтай констракшин” компани банктайгаа тохирон “Саруул” хотхоныхоо байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож хөнгөлжээ.

Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ онд багтаад нэмж 40 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох юм. Ийнхүү нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан үед цаашид байрны үнэ нэмэгдэхгүй буурна. Ялангуяа хуучин орон сууцны үнэ тогтмол унана. Мөн борлуулагдахгүй болсон байруудын урьдчилгаа төлбөр ч аяндаа 30 хувиас доошилно гэж эдийн засагчид үзэж байлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна